БАЯНХОНГОР: Ламын гэгээний улаан тэмээг үүлдрээр батлах ажлын баг ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-07 14:58:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ламын гэгээний  улаан гэх үржлийн хэсгийн тэмээг үүлдэр болгохоор хүсэлт явуулсны дагуу ХХААХҮЯ-ны Хянан магадлах улсын комисс Баянхонгор аймагт ажиллалаа.


Монгол тэмээг судлах, түүний үүлдэрлэг байдлыг сайжруулах, тэмээний тоо толгойг өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх ажилд орон  нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчид олон жил хамтран ажиллаж ирсэн байдаг. Энэ ажлын хүрээнд 2017 онд Ламын гэгээний улаан тэмээ нь үржлийн хэсгээр батлагдсанаас хойш үржүүлэг, селекцийн ажил үргэлжлүүлэн хийж, эдүгээ удам үндэслэгчдийг тодруулан, бүртгэл хөтөлж, үржлийн цөм сүрэг бүрдүүлэн, удмын үржүүлэг явуулсны дүнд ноос, сүү, мах, ноос, хурдлах чадварын чиглэлээр дөрвөн удам бүхий тохиромжтой хэвшлийн тэмээг Баянлиг, Баянговь, Богд, Жинст, Өлзийт суманд тархаан үржүүлж байгаа аж.


Ламын гэгээний улаан үржлийн хэсгийн тэмээ нь ноос, сүүний гарцаараа монгол тэмээ болон бусад үүлдрийн тэмээнээс харьцангуй давуу үзүүлэлттэй, бие даасан популяци болохыг энэ тэмээний генетикийн тогтоцын болон ашиг шимийн судалгаа харуулж байна.


ХХААХҮ-ийн сайдын тушаалаар томилогдсон үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг  тодорхойлох, хяналт тавих журмын дагуу Баянлиг суманд үржүүлж буй Ламын гэгээний улаан тэмээнд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнг хянан магадлах, дүгнэлт гаргах ажлын хэсэг  хавар, намрын хянан магадлагааг ийнхүү хийж дуусчээ.


Сонирхуулахад, Баянхонгор аймаг улсад нийт малын тоогоор 3.7 сая толгой малтай есдүгээрт, ямааны тоогоор 2182.7 мянган ямаатай хоёрдугаарт, тэмээний тоогоор 45.5 мянган тэмээтэй гуравдугаарт, үхрээр 222.9 мянган үхэртэй арванхоёрт, адуугаар 160.4 мянган адуутай арвангуравт, хониор 1108.1 мянган хоньтой 14 дүгээрт тус тус орж байна.

Малын төрлөөр нь авч үзвэл, аймагтаа тэмээгээр Баянлиг сум 16.5 мянга, адуугаар Галуут сум 20.5 мянга, үхрээр Эрдэнэцогт сум 51.1 мянга, хониор Баян-Овоо сум 117.3 мянга, ямаагаар Баацагаан сум 202.7 мянган толгойг тус тус тоолуулжээ.






Холбоотой мэдээ