“Талын салхи” олон улсын наадамд гадаадын 170 гаруй мото спорт сонирхогч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-06-07 09:37:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 7 дахь жилдээ Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд зохион байгуулна.

 

Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч хүрэлцэн ирж оролцох юм.


Мото наадамд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 12 цагт цуглаж, 16 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явна. Мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу болох юм. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулна.

 

Оройн шоунд A-Sound, Bulsara, The Compass, The Cloud, Goc, Morningstar, Vagabond, Galtman, Hopbeat, Funk X зэрэг хамтлаг, уран бүтээлчид болон Ginijn, Mrs M, Don dior, Limit king, Rookie, Wolfizm, Bekatrina, Gvnsor, Mara, 290, Monk, Youngsub, Hopbeat, Swaggy, Mendy, Anar зэрэг артистууд оролцож, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно.

 

Талын салхи фестиваль нь мото спорт сонирхдог хүн бүрийн наадам бөгөөд 2019 онд нийтдээ 800 гаруй мото тамирчин оролцож байснаас “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн ОХУ болон БНХАУ-аас 200 мото тамирчин, мөн Япон, Энэтхэг улсын төлөөлөл оролцож байсан. Тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. 

Холбоотой мэдээ