СЭЛЭНГЭ: Дэзэрэт Олон улсын байгууллагын Азийн хойд бүсийн захирал Жон Маккюн айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-06 09:37:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж нар Дэзэрэт Олон улсын байгууллагын Азийн хойд бүсийн захирал Жон Маккюн, түүний эхнэр Дэбора Маккюн, Хуульч Кэн Барроу, Хэнри Савстром, Так Мочизуки, Монгол дахь байгууллагын захирал Д.Пүрэвжаргал болон удирдах бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

 



Сэлэнгэ аймаг Дэзэрэт Олон улсын байгууллагатай 1998 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд олон сайн үйлсийн ажил арга хэмжээг хамтран амжилттай хэрэгжүүлээд байна. Тодруулбал:

 

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт унтуулгын болон физик эмчилгээний аппарат,

 

-Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд иж бүрэн компьютер тоног төхөөрөмж, Гал түймэрт өртөж орон гэргүй болсон Сүхбаатар сумын БААМ-ын байрны 17 өрхөд гал тогооны иж бүрэн хэрэгсэл, нэн шаардлагатай бусад дэмжлэг,

 

-Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Ахмадын сувилалд гал тогооны иж бүрэн төхөөрөмж, Сүхбаатар сумын “Баянхаан 4-р багт явган хүний 2 гүүр, 20.0 сая төгрөгийн өртөг бүхий авто машины гүүр,

 

-Мөн Коронавируст цар тахлын дэгдэлтийн үед Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10.0 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, ПСР оношлуур, Сүхбаатар сумын 30 өрхөд хүнсний багц,

 

-2021 онд Номтхан ӨЭМТ-д үзлэг, шинжилгээ, оношилгооны анхан шатны тоног төхөөрөмж, 2022 онд 17 сум, 6 тосгоны эрүүл мэндийн төвүүдэд 122.3 сая төгрөгийн өртөг бүхий нярайн шарлалтын эмчилгээний аппарат, тоног төхөөрөмж, 2023 онд Сүхбаатар сумын 6 багийн 7 худгийг ухаалаг системд холбож ухаалаг худаг болгох ажилд 84.0 сая төгрөгийн тусламж, дэмжлэгийг тус тус өгсөн аж.

 

Мөн сая 05 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа буддын болон христийн сүм, Төрийн банк, Сэлэнгэ цэнгэг ус ОНӨААТҮГ, иргэдтэй хамтран Сүхбаатар сумын 4-р багт байрлах оршуулгын газрыг айлуудаас тусгаарлан мод тарьж хашаажуулаад байгаа юм.

 

Дээрх албан уулзалтад аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Оюун, ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөн, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс байлцав.

Холбоотой мэдээ