Атлантагийн нисэх онгоцны буудал зорчигчдынхоо тоогоор дэлхийд тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-10 16:16:46

ВАШИНГТОН. /KAZINFORM/. АНУ-ын Атлантагийн олон улсын нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудлаар тодорчээ.

Олон улсын нисэх онгоцны буудлуудын зөвлөлийн “Дэлхийн нисэх онгоцны буудлуудын хөл хөдөлгөөн-2015” тайланд дурдсанаар, Атлантагийн олон улсын нисэх онгоцны буудлаар 2015 онд 101 сая гаруй зорчигч үйлчлүүлсэн нь 2014 оныхоос 5.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Хойд Америк руу нэвтрэх төв болон боомтуудыг холбодог байршилд оршдог учир тус нисэх буудлаар олон хүн үйлчлүүлдэг гэж дээрх тайланд бичжээ.

Харин Хятадын нийслэл Бээжин хотын Олон улсын нисэх онгоцны буудал 2015 онд үйлчлүүлэгчдийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт орсон байна.  Тус нисэх онгоцны буудлаар 2015 онд 89.9 сая зорчигч үйлчлүүлсэн нь 2014 оныхоос 4.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Дэлхий даяар агаарын тээврээр зорчсон хүмүүсийн тоо 2015 онд 6.5 хувиар нэмэгдэн бараг 7.2 тэрбум болжээ.

Харин нисэх онгоцоор ачаа бараа тээвэрлэх нь өнгөрсөн онд 2.6 хувиар нэмэгдсэн байна. Агаараар тээвэрлэсэн ачааны барааны  хэмжээгээр Хонконгийн нисэх онгоцны буудал дэлхийд тэргүүлсэн бол АНУ-ын Мемфисийн нисэх онгоцны буудал хоёрдугаарт, Шанхайн нисэх онгоцны буудал гуравдугаарт бичигдсэн байна.

Дэлхийн 160 улсын 2300 гаруй нисэх онгоцны буудлаас авсан мэдээлэлд үндэслэн уг тайланг гаргажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ