Хятадын тусгай төлөөлөгч Европт хийсэн айлчлалаа дүгнэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-06-03 11:48:58

БЭЭЖИН. /unn/. Хятадын Засгийн газрын тусгай төлөөгч Ли Хуэй Украины хямралыг улс төрийн арга замаар зохицуулах асуудлаар Европт хийсэн айлчлалаа дүгнэжээ. 


Брюссель, Парис, Берлин, Варшавт хийсэн хэлэлцээ хаалттай хаалганы цаана болсон юм. Хятадын тусгай төлөөлөгч Украины Гадаад хэргийн сайдтай уулзаж буй болон Москвад уулзалт хийж буй зургууд л хэвлэлүүдээр гарсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалт нь энэ удаагийн айлчлалын сүүлийн уулзалт байлаа.


"Айлчлалын үр дүнгээс харахад талууд бүгд хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж байна гэсэн сэтгэгдэл надад төрсөн. Тэдэнд одоо хэлэлцээний ширээний ард суух нь хэцүү байж болох ч хэчнээн сул дорой байсан ч харилцан ойлголцол байдгийг бид алдах ёсгүй. Тухайлбал, Орос улс энхийн хэлэлцээг хэзээ ч эсэргүүцэж байгаагүй, асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Украины тал ч мөн энх тайвныг хүсэж, түүнийг эрхэмлэдэг" гэж Ли Хуэй баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Тэрбээр хэлэхдээ, Хятад улс Украины хямрал болон бусад байр суурийн талаар баримталж буй Ши Жиньпин даргын "дөрвөн хэрэгцээ", "дөрвөн нэгдэл", "эргэн тунгаах гурван сэдэв"-ийн зарчмыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, талуудтай яриа хэлцээгээ эрчимжүүлж, зөвшилцөлд хүрч, харилцан итгэлцлийг бэхжүүлэхээр ажиллана гэжээ.


"Украины өнөөгийн хямралын нөхцөл байдал тодорхойгүй зүйлээр дүүрэн хэвээр байна. Хятад улс итгэл найдварын гялбаа байгаа цагт идэвхтэй хүчин чармайлт гаргах ёстой гэж үзэж байна. Энэ гялбаа нөхцөл байдлыг намжааж, хэлэлцээг урагшлуулахад тусалдаг л юм бол Хятад улс идэвхтэй хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэж Ли Хуэйгийн хийсэн хэвлэлийн бага хурлын дараа Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. 


Үүний зэрэгцээ Хятадын “The Paper” сонинд бичсэнээр, Украины хямралын талаар Хятад, Европын байр суурь өөр байгаа талаарх асуултад хариулахдаа Ли Хуэй, "үнэндээ Хятад, ЕХ нь Украины хямралын талаар маш их зөвшилцөлд хүрсэн" гэжээ. 


"Энэ оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч Э.Макроны Хятадад хийсэн айлчлалын үеэр Хятад, Франц хоёр улс Украины хямралын талаар олон чухал агуулгыг агуулсан хамтарсан мэдэгдэл гаргасан. Хоёр тал атомын цахилгаан станц болон энхийн зориулалтаар ашиглаж буй бусад цөмийн байгууламжид зэвсэгт халдлага хийхийг эсэргүүцэж, ийм цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангахад Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн бүтээлч үүргийг дэмжиж байна. Мэдэгдэлд хоёр тал мөргөлдөөнд оролцогч талууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг чанд баримтлах нь чухал болохыг онцлон тэмдэглэсэн” гэж тэрбээр хэлжээ. 


Ли Хуэйгийн хэлснээр, энэ нь Европын оронтой хамтран гаргасан Хятад улсын анхны ийм мэдэгдэл юм. 


Евразийн асуудал эрхэлсэн Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуэй тавдугаар сарын 15-26-ны хооронд Украин, Польш, Франц, Герман, Европын Холбооны төв Брюссель болон ОХУ-д айлчилсан юм. Тэрбээр бүх талтай "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах" асуудлаар яриа хэлэлцээ хийж, харилцан санал солилцжээ. 


Холбоотой мэдээ