ДАРХАН-УУЛ: Буган чулуун хөшөөг сэргээн босгох санаачилга дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-31 14:26:05

Дархан /МОНЦАМЭ/. "Соёлын өв" улсын олимпиадын хүрээнд Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн “Сэтгэмж” мэтгэлцээний клубийн сурагчид "Өв соёлоо хайрлан хамгаалцгаая" бүтээлч ажил хийжээ. 2016 оноос хойш жил бүр буган чулуун хөшөөний орчныг хамт олноороо цэвэрлэж ирсэн бол энэ удаад хашаа, танилцуулгыг будаж засварлажээ.




Шарын голын Буган чулуун хөшөөг анх 2006 онд Дархан нутаг судлаач Музейн захирал, доктор Д. Жамбалдорж,  Д.Дашзэвэг нар судлан үзэж, Монгол-Өвөр байгалийн төрлийн буган хөшөө болохыг баталж аймаг, сумын тусгай хамгаалалтад авсан аж.


Уг буган чулуун хөшөөг хүүхэд, багачуудад таниулах зорилгоор гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, биет бүтээлүүд хийсэн аж.





Дархан-Уул аймгийн Шарын гол суманд буй энэхүү буган чулуун хөшөө нь Монгол дахь сонгодог загварт хөшөөний нэг аж. Цаг хугацааны хувьд НТ VI- VIII зуун, хөшөөн дээрх буга зэрэг амьтныг илүү гоёмсог, өвөрмөц маягаар дүрсэлснээрээ ялгардаг бөгөөд бугыг нисэж буйгаар дүрсэлсэн нь илүү их сонирхол татдаг ажээ.




Түүх, соёлын үнэт өвийг хайрлан, хамгаалах үүднээс “Сэтгэмж мэтгэлцээний клуб”-ийн сурагчдаас сум, орон нутгийнхаа удирдлагуудад хандан буган чулуун хөшөөг бодит байдалд нь оруулан босгож байрлуулах, хөшөөний эргэн тойронд хогийн сав, явган хүний зам, саравч барих зэргээр соёлын орчин бүрдүүлэхийг хүсжээ.




Ингэснээр тус орчныг түшиглэн түүхийн дурсгалт өв, соёлын талаарх сургалтыг сурагчдад зохион байгуулах, орон нутгийн түүхэн дурсгалт өв, соёлоо таниулах, хайрлан хамгаалах үзэл санааг хүүхэд залууст төлөвшүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих саналыг дэвшүүлжээ.




Ташрамд, Буган чулуу нь хүрэл зэвсгийн үед босгосон чулуун хөшөө бөгөөд ихэнх нь Монголд, бусад нь Төв Азийн баруун хэсгээр байдаг аж. Өндөр нь 1.5-7.5 м байх ба голчлон зүүн зүгт хандсан, гол төлөв буга дүрсэлсэн байдаг тул буган хөшөө гэж нэрлэдэг ажээ.

Холбоотой мэдээ