ЗАВХАН: Уртын дууны өв санг олон нийтэд таниулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-30 09:59:22

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин, Уртын дуучин Баатархүүгийн Гэрэлтогтохын нэрэмжит уртын дууны аймгийн уралдаан болж 14 өвлөн уламжлагч оролцжээ.

Уралдаан Эрдэнэхайрхан суманд болж, уртын дууг өвлөн уламжлагч, 14 уртын дуучин оролцож тэргүүн байрыг Эрдэнэхайрхан сумын өвлөн уламжлагч Нацагийн Төгсбилэг эзэлжээ. Харин дэд байрыг Улиастай сумын өвлөн уламжлагч Ралхажавын Хашбат, гутгаар байрыг Отгон сумын өвлөн уламжлагч Галсанжавын Ихзориг нар тус тус эзэллээ.

Уралдааны ерөнхий шүүгчээр урлаг судлаач, докторант, уртын дууч М.Дорждагва, шүүгчдээр Завхан аймгийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн И.Янжинлхам, Оройн чимэг" хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий нар тус тус ажиллалаа. 


Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Эрдэнэхайрхан сумын Соёлын төв, хамтран зохион байгуулагчаар сумын ЗДТГ, аймгийн Соёл урлагийн газар, "Оройн чимэг Этүгэн" НҮТББ ажиллалаа. Уралдааныг аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, "Сэрвэн овоот" ХХК-ийн захирал Д.Мягмарсүрэн, "Хас-Чийп" ХХК-ийн захирал А.Батболд, "Нутгийн их үйлс" ХХК-ийн захирал Ж.Батбилэг нар ивээн тэтгэсэн.


Завхан аймаг уртын дуу, түүнийг амилуулах дуучдаараа алдартай нутаг. Уртын дууны ая эгшигт тэнгэр хүртэл уярч хураа хайрладаг гэдэг.

Учир нь уртын дууны уянга, яруу чанар, үнэ цэн хэмжээлшгүй билээ. Тиймээс ч энэ сайхан үнэ цэнтэй өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх. Өвлөн уламжлагчдаа олон нийтэд таниулах ажлыг Завхан аймаг бодлогоор дэмжиж, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хийдэг.



Үүний нэг нь уртын дууны өв санг олон нийтэд таниулах, өвлөн уламжлагчдын чадвар чансааг нэмэх дээрх уралдааныг тогтмолжуулаад буй ажил юм. Жил бүр уртын дууны өвлөн уламжлагчдын тоо нэмэгдэж, уртын дууг сонирхон, судлах уран сайханчид бий болж байна. Гэсэн хэдий ч өвлөн уламжлагчдын 70 гаруй хувь нь ахмадууд байгаад анхаарал хандуулж, залуу хойч үеийг бэлтгэх, тэдэнд уртын дууг уламжлуулах ажлыг шат дараатай зохион байгуулахаар болсон.

Өнгөрсөн жил гэхэд, "Оройн чимэг" уртын дууны анхдугаар наадмыг Отгонтэнгэр уулын сав дагуух сумдын өвлөн уламжлагчдын дунд зохион байгуулж 100 гаруй өвлөн уламжлагч оролцсон.   


Учир нь:

-ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол ардын уртын дууг баримтжуулах. Олон нийтэд сурталчлан түгээх, бүс нутгийн өвийн онцлогийг дэлгэрүүлэх. Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын ай сав дахь дахин давтагдашгүй байгаль, соёлын өвийг “Дэлхийн байгаль соёлын холимог өв”-өөр бүртгүүлэн баталгаажуулах ажлын хүрээнд “Оройн чимэг” 33 бадаг уртын дууны анхдугаар наадмыг зохион байгуулсан юм.

Түүхийн тухайд... 

Монголын хамгийн урт бадаг бүхий “Эр бор харцага” дууны дараа ордог 33 бадаг бүхий “Оройн чимэг” уртын дуу нь Отгонтэнгэр хайрханд зориулсан магтаал, шүншигтэй дуу билээ.

Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч, бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн ажээ.

Орой биеийг нь харахад
Очирваань бурхны шинжтэй
Зулай биеийг нь харахад
Зонхов бурхны байдалтай.... ийн түрлэг нэмэх “Оройн чимэг”- ийг дуулахгүйгээр эхэлдэг, бас жаргадаг найр хурим гэж Очирваань хайрхны өвөр бэлээр нутаглах, сум гэж байхгүй. Өнөр баян явна гэдэг өндөр Богдын минь аврал аа...хэмээх мөрүүдийг хэлэх бүртээ нутгийн ард түмэн тэр бүрт тохиодоггүй аз хишигтээ баярлана. Дээл хувцас, эдлэл хэрэглэл, адуу мал, ахуй орчин... юм бүхэн нь нүнжиг, яс чанар ханхалсан энэ нутгийнхны аз хишиг их Отгонтэнгэрийн өвөрт явдаг ч гэлцдэг үүгээрээ ч бахархдаг ажээ.  Энэхүү нутагт оршин амьдардаг уугуул, суугуул 8000 орчим иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар, өвлүүлэн түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна.  

/Отгонтэнгэр хайрхан Хүүхдийн Даян Очир зуслангаас ийн харагдана/ 


Монгол түмний шүтээн болсон Отгонтэнгэр хайрхныг магтан дуулсан Оройн чимэг нь олон түүх, домогтой билээ. 

Өдгөө Отгонтэнгэр хайрхнаар нутагладаг ус нутгийнхан болон газар газар дуулагддаг боловч ая дан болон зарим үг нь өөрчлөгдөн дуулагдсаар байна. Харин өөрийн ая дан, анх зохиосон үгээр нь хамгийн ойр дуулж үлдсэн ард түмэн бол Отгон сумынхан билээ.  "Оройн чимэг”-ээр найр наадмаа эхлүүлдэг ёс одоо ч тус нутаг усанд бий.

Энэхүү дууг тасралтгүй хоёр хоног дуулдаг гэж ярьдаг ба зөвхөн уулынхан л дуулж чадах өндөр түрлэгтэй дуу ч гэлцдэг. Тиймээс Монголын хамгийн олон бадагтай уртын дуу хэмээдэг гэж Завхан аймгийн Соёл урлагийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ