Монгол, Хятадыг холбож, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-29 12:01:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ. 


Тодруулбал, дээрх боомтод Монгол Улс, БНХАУ-ыг холбосон 7.1 км төмөр замыг тавьж эхлэв.


Төмөр замын албан ёсны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар, Өмнөговь аймгийн удирдлага, уг төмөр замыг тавьж буй “Монголын төмөр зам”, “Нарийн сухайтын төмөр зам” зэрэг Монголын төр, хувийн хэвшлийн оролцоот болон БНХАУ-ын компаниудын удирдлага, төлөөлөл оролцлоо.


Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Нарийн сухайтын төмөр зам” ХХК гүйцэтгэнэ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэсэн юм.


Аж үйлдвэрийн салбарыг сэргээхэд манай улсад хөрш 3 орныг холбох, улмаар олон улсын зах зээлд гарах эдийн засгийн коридорыг ашиглахад төмөр зам, түүний тээвэр чухал. Монгол Улс хоёр хөрштэйгөө 30 гаруй боомтоор холбогддог. Үүний 23 орчим нь байнгын үйл ажиллагаатай юм. Хоёр нь буюу Замын-Үүд, Алтанбулаг төмөр замаар холбогддог. Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтыг төмөр замаар холбосноор дээрх тоо нэмэгдэж байна.


Манай улсын өмнийн бүсийн, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Монгол Улсын хамгийн урд талын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбосноор цаашдаа манай улсын баруун талаар Хятадаас гадна ОХУ-тай холбогдох, ингэснээр гурван улсыг холбох төмөр замын босоо тэнхлэг бий болох юм. Эдийн засаг, стратегийн ийм коридорыг үүсгэх, улмаар тээвэр логистикийн төв болох, аж үйлдвэрийг сэргээх үр дүнг өгөх зорилтыг тавьж байгаагаа нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэлсэн юм.



С.Бямбацогт: Төмөр зам ашиглалтад орсноор 3-5 дахин бага үнээр нүүрс тээвэрлэнэ.



Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг тавьснаар нүүрс болон бусад экспортын бараа, бүтээгдэхүүн, эрдэс баялгийн тээврийн зардал буурах бас нэг таатай боломж бий болох юм. Энэ талаар УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, “Төмөр зам ашиглалтад орсноор 3-5 дахин бага үнээр нүүрс тээвэрлэнэ” хэмээн тодотгон хэлсэн юм. Тэрбээр, Шивээхүрэн-Сэхэ боомтоор Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд сүүлийн 5 жилд 45 сая тонн нүүрс, өнгөрсөн онд 4-5 сая тонн нүүрс гарсныг дурдаад, “Энэ жилийн хувьд авто тээврээр 10 сая орчим тонн нүүрс тээвэрлэх зорилготой ажиллаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх 10 дугаар сард дуусна.


Ингэснээр ирэх жил төмөр зам, авто тээврээр 20 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болно. Өөрөөр хэлбэл, авто тээврээр дээд тал нь 10 сая тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахин нэмэгдэж, 20 сая тонн нүүрс тээвэрлэдэг болно. Төмөр замаар тээвэрлэхийн давуу тал нь өртөг, зарлага багатай. Үндсэндээ авто тээврээр тээвэрлэснээс 3-5 дахин бага зардлаар нүүрс тээвэрлэх боломж бүрдэж байгааг онцолсон юм


Төмөр замтай болсноор экспорт 2 дахин нэмэгдэхийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлт дээр үг хэлэхдээ онцолж байв.


Тэрбээр хэлэхдээ, “Одоогоос яг нэг жилийн өмнө 2022 оны тавдугаар сарын 26-нд Ерөнхий сайдын хувьд Шивээхүрэн боомтын ажиллагаатай танилцаж, Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, AGV жолоочгүй, ухаалаг, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх замаар экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож байсан”-ыг дурдлаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нэг жилийн дотор та бидний өмнө ярьсан асуудал бодит ажил болж, төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр жилийнхээ ойн дээр хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байна хэмээв.


Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, 207.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувийн хэвшлийн “Нарийн сухайтын төмөр зам” ХХК бүрэн хариуцаж, төрийн өмчийн “Монголын төмөр зам” компанитай төр-хувийн хэвшлийн түншлэл байгуулан, 6 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийт хөрөнгө оруулалтад:

  • Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад 171.7 тэрбум төгрөг,
  • Сэлгээний зүтгүүр, чингэлэг өргөгч, бусад тоног төхөөрөмж худалдан авахад 27.9 тэрбум төгрөг орж байна.

Ирэх 11 дүгээр сараас ашиглаж эхлэх уг төмөр зам ачаа эргэлтийн хэмжээг 10 сая тоннд хүргэж, Монгол Улсад 28.6 тэрбум төгрөгийн татвар төлж эхэлнэ.  


“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, Төмөр замын бүтээн байгуулалтад төрийн өмчит “Монголын төмөр зам” компани 51 хувь, хувийн хэвшлийн “Нарийн сухайт төмөр зам” ХХК 49 хувийн эзэмшлээр хамтарсан ААН байгуулан оролцож, улмаар төмөр замыг “Монголын төмөр зам” ТӨХК-д бүрэн шилжүүлэхийг тодотгов. Мөн Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Өсөх зоос”, "Саусгоби Сэндс", "Цагаан өвөлжөө" зэрэг 5 компани хөрөнгө оруулалтад оролцож байна. Дээрх бүтээн байгуулалт нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болсон шийдэл гэдгийг онцоллоо.


Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замаар хоногт 220 чингэлэг буюу 6930 тонн ачаа, нийтдээ 880 чингэлэг буюу 27.720 тонн ачаа тээвэрлэж нэвтрүүлэх, жилд Шивээхүрэн өртөөнөөс 10-13 сая тонн ачаа дамжин өнгөрөх юм. 



Төмөр замыг нутгийн гүнээс барьж хилтэй холбох бус, энэ удаа хилийн холболтоо эхэлж бариад боомтоосоо дотоод руугаа тэлэн тавих онцлогт аж. БНХАУ-ын талаас манайхтай холбох төмөр замыг Сэхэ боомтын орчимд 2-3 км-ын зайд бариад буй юм байна.


Манай улсын тал Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг өртөө, зөрлөгийн хамт 4 сарын дотор тавьж барьж байгуулах бол Хятадын тал нэг сарын хугацаанд наашлуулж тавиад холбохоо мэдэгджээ. Тиймээс хоёр улсын хилийн хоёр боомтыг холбох төмөр замын бүтээн байгуулалт манай улсын ажлаас голлон шалтгаална гэдгийг Д.Ганхүү хэллээ.


Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г “Монголын төмөр зам” ТӨХК, зураг төслийг БНХАУ-ын Хятадын төмөр замын зураг төслийн CRDC корпорац гүйцэтгэжээ.





Холбоотой мэдээ