Монголчуудын манлайллаар өндөрлөсөн Нацү башё

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-29 09:51:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё тавдугаар сарын 13-27-нд Токио хотын "Рёогокү Кокүгикан" ордонд болж өндөрлөлөө.


Энэ удаагийн нацү башёд дөрвөн тэмцээн өнжсөний дараа дохёдоо эргэн ирж барилдсан 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 14 даваа, 1 унаатай түрүүлж Эзэн хааны цомыг найм дахь удаагаа гардав.


Тэрбээр сүүлийн өдөр озэки Такэкэйшог өвдөг шороодуулсан юм.


Монголын бусад бөхчүүдээс энэ башёд 10-аас дээш даваа авбал озэки цолны болзол хангах байсан сэкивакэ Кирибияма Б.Лхагвасүрэн зорилгодоо хүрсэн төдийгүй үүргээ гино-шо буюу техниктэй бөхийн шагналыг өөрийн болгож чадлаа.

Тэрбээр сүүлийн өдөр нутаг нэгт Хоошёорюүд өвдөг шороодсноор манай 2 сэкивакэ хоёулаа 11 даваатай башёг өндөрлүүлэв.

 

Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд ирэх Нагоя башёд озэки цолны болзол сонсож барилдах нь тодорхой болсон юм.

Нацү башёд 14 даваатай түрүүлж, найм дахь түрүүгээ авсан ёкозүна Тэрүнофүжи өнөө өглөө дэвжээндээ болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд “Башё амжилттай сайхан өндөрлөлөө гэж бодож байна. Сонирхолтой сайхан 15 хоног байлаа. Би ямар ч байсан 15 хоног барилдана гэж бэлтгэлээ хийж байсан, зорилгодоо ч хүрлээ. Ганц өдрийг ч гэсэн дэмий өнгөрөөхгүй гэж бэлтгэлээ хийн, хичээж зүтгэж байсны ач тус гарлаа. Түрүүлэх, түрүүлэхгүйдээ гол нь биш, харж байгаа хүмүүст хичээн зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм байна гэсэн бодол төрүүлж чадсан бол сайхан хэрэг.

 Өнгөрсөн оны 11 дүгээр сард хүүтэй болсон. Хүүдээ Чингис хааны нэр болох Тэмүжин гэдэг нэр өгсөн. Аав болсны дараах анхны минь түрүү. Их баяртай байна” гэж ярьжээ.


 

Холбоотой мэдээ