СЭЛЭНГЭ: Мөнхийн зурлагын бүтээлч хүүхдүүд үзэсгэлэнгээ дахин толилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-22 09:06:57

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулсан 33 дахь жилдээ тэмдэглэж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р сургуулийн Ш.Ариунаа багштай 10а ангийн болон “Мөнхийн зурлага-2” дугуйлангийн сурагчид 2 дахь жилдээ “Уран бичлэгийн үзэсгэлэн”-гээ дэлгэв.  

Энэ үеэр багш Ш.Ариунаатай цөөн хором хөөрөлдлөө.

 

-Танай бүтээлч хүүхдүүд хоёр дахь жилдээ үзэсгэлэнгээ дэлгэсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу байна?

-Ноднин жил бид “Мөнхийн зурлага-1” дунгуйлангаараа суралцаад зөвхөн өөрийн ангийн хүүхдүүдийн бүтээлийг гаргаж байсан. Энэ жил 10-р ангиудыг бүтэн жил “Мөнхийн зурлага-2” дугуйландаа хичээллүүлээд илүү сайжруулсан бүтээлүүдээр оролцож байна. Энэ жилийн бүтээлүүд маш онцлогтой. Яагаад гэвэл эцэг эхчүүд хүүхдээ дэмжиж, маш сайхан зүйл сурч байгаад л талархаад бидэнд бэлдцүүдээр маш сайн дэмжиж өгсөн. 

 

-Бүтээлүүдээ хийсэн талаараа?

-Бид бүтээлүүдээ зураг, угалзлан бичиг, том бийр, нарийн бийртэй бүтээлүүдээ хослуулж хийсэн. Ангийн 33 хүүхэд, 100 гаруй бүтээлтэй оролцож байна. Мөн улсын уралдаанд оролцсон бүтээл ч энд байгаа.

 

-Их хөдөлмөр зарцуулсан олон сайхан бүтээл харагдаж байна. Цаашид төлөвлөсөн ажил юу байна?

-Бидний үзэсгэлэн дандаа хамтын бүтээлээр бий болсон. Нэг нь маш гоё зурлаа гэхэд нөгөөх нь бийрээр, угалзаар бичих жишээтэй. Одоо манай дугуйланд энэ ангиас гадна 68 хүүхэд суралцдаг. Жил бүр бүтээлийн үзэсгэлэнгээ гаргана гэсэн эрмэлзэлтэй байгаа.

 

-Үндэсний монгол бичгээ түгээн дэлгэрүүлэх, хүүхдүүдэд сургах тал дээр танай сургууль, танай монгол хэл бичгийн багш нар их бүтээлчээр ажилладаг. Шилдэг багш нарын цуглуулга гэлтэй байдаг шүү. Өөрийн тань хувьд энэ талаар юу хэлэх бол?

-Үндэсний бичиг бол нэлээн их хүч хөдөлмөр, цаг хугацаа, тэвчээр хатуужил шаардаж байж сурдаг бичиг л дээ.

Яг боллоо, сурчихлаа гэж бас хэлж болдоггүй. Ерөнхийдөө сураад сайжраад, өдөр ирэх тусам сайжраад явж байдаг бичиг л дээ.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ