ГОВЬ-АЛТАЙ: Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-15 11:36:54

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, "Gobi bear" төслөөс мазаалайд дохиолол бүхий хүзүүвч зүүжээ.


ГИДЦГ-ын "А" хэсгийн ХЗ болон "Gobi bear" төслийн хамтарсан судалгааны баг Алтайн өвөр говь-Шар хулсны баянбүрд орчимд 20 хоногийн хугацаанд ажиллажээ. Ингэхдээ Хөтөл усанд 140кг (+5) бүхий нас бие гүйцсэн эр бодгаль /Ursus arctos gobiensis/-д сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүсэн тухай холбогдох албанаас мэдээллээ.

"Gobi bear" төслийн удирдагч Харри Рейнолдс нь 2015 оноос эхлэн өнөөг хүртэл судалгааны ажлуудыг хийсээр байна. Энэ хугацаанд мазаалай баавгайн 19 бодгальд сансрын дохиололт хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгаа хийсэн байна.


Мазаалай нь 5000-6000 жилийн өмнөөс агуйн баавгайн өвгөөс салсан хүрэн баавгайн хамгийн эртний үлдвэр популяци, генетикийн хувьд тусгаарлагдсан +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг Монголын говьд амьдардаг дэлхийн цорын ганц онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг. 

Мазаалай өөрийн эзэмшил нутгаа харамлан бусад баавгайтай ширүүн тэмцэл явуулна. Гантай жил хармаг, бажууна сайн ургасан баянбүрд, булгийг эзэмшихийн төлөө тэмцэлдэн ноцолдож нэгнийгээ барих явдал тохиолдоно. 

Холбоотой мэдээ