БАЯН-ӨЛГИЙ: Хүүхдүүдийг хамруулсан аялал, зугаалга зохион байгуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-15 10:49:36

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият энэ сарын 12-ны өдөр 220 дугаар бүхий захирамж гаргаж "Хамтдаа хамгаалъя" хүүхэд хамгааллын 60 хоногийн аян зарлалаа.


Тус захирамжаар гол, нуурын усны болон зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг хамруулсан нэгдсэн аялал зугаалга, хүлээн авалт, цайллага зохион байгуулахыг хориглов.


Мөн хүн олноор цуглардаг, усанд ордог гол, нуурын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл томилон ажиллуулах, иргэд явганаар болон тээврийн хэрэгслээр зорчиж болзошгүй эрсдэл бүхий гүүр, гармуудад анхааруулах самбар байгуулахыг сумдын Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгалаа.  


Хүүхдүүдэд чиглэсэн гол, нуурын усны осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх агуулга бүхий агуулга сурталчилгааг тогтмол хийх, хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн соёл, урлаг, биеийн тамирын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахыг онцгой байдал, цагдаа, гэр бүл, хүүхэд, боловсрол, соёл, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд болон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад үүрэг болгов.


"Хамтдаа хамгаалъя" аяны хүрээнд өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын анги удирдсан багштай хариуцлагын гэрээ байгуулж ажиллана. Төгсөлтийн үйл ажиллагааг "Эрдмийн баяр" хэлбэрээр сургууль болгон дээр нэг өдөр эрсдэлгүй зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Холбоотой мэдээ