ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2023-05-12 11:32:09

ЖЕНЕВ. /WHO/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ сармагчны цэцэг өвчний /mpox/ тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг цуцалж байгаа талаар тус байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Швейцарын Женев хотноо пүрэв гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Өчигдөр онцгой байдлын асуудал эрхэлсэн хороо хуралдаж, сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд зарласан онцгой байдлыг цуцлах зөвлөмж гаргасан” гэж Т.Гебрейесус хэлсэн байна. Уг халдварын тархалттай холбогдуулан 2020 оны долоодугаар сард онцгой байдал зарлаж байсан юм.


ДЭМБ-ын мэдээллээр, сүүлийн гурван сарын хугацаанд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх гурван сарынхтай харьцуулахад 90 орчим хувиар буурсан байна. 


Гэхдээ сармагчны цэцэг болон “COVID-19”-ийн тархалттай холбогдуулан зарласан онцгой байдлыг цуцалсан ч аль аль нь шинэ давлагаа үүсгэх эрсдэлтэй хэвээр байгааг ДЭМБ-ын тэргүүн анхааруулжээ.


Өнгөрсөн онд сармагчны цэцэг өвчний дэгдэлт гарснаас хойш дэлхийн 111 оронд 87 мянга гаруй тохиолдол илэрч, 140 хүн нас барсан гэж ДЭМБ мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ