"Панамын баримт бичиг"-ийн мэдээллийг Дани улс худалдаж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКОПЕНХАГЕН. /BBC/. Шуугиан тарьсаар байгаа “Панамын баримт бичиг” гэдэг оффшор данстай холбоотой мэдээллүүд дотроос өөрийн орны иргэдтэй холбоотой мэдээллийг Дани улс худалдаж авна гэж тус улсын Татварын яамны сайд Карстен Лорицен мэдэгджээ.
Өнгөрсөн зун нэрээ нууцалсан нэгэн хүн Данийн 600 гаруй иргэдтэй холбоотой мэдээллийг тус улсын татварын байгууллагад зарах санал тавьсан гэж сайд мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин сөрөг хүчний зарим гишүүд уг шийдвэрийг эрс буруушаасан байна.
Өнгөрсөн хугацаанд банкны үйлчлүүлэгчдийн мэдээллийг авахын тулд Герман, Франц, Их Британи зэрэг улсууд мөнгө төлдөг байжээ. Гэхдээ “Панамын баримт бичиг”-ийн мэдээллийг олж авахын тулд мөнгө төлөхөд бэлэн гэдгээ Данийн Засгийн газар мэдэгдсэн нь анхны тохиолдол байж болох юм.
Сайд К.Лорицен мэдэгдэхдээ, хэдий хэмжээний төлбөр төлөх талаар дурдаагүй боловч хамгийн ихдээ 9 сая крон /1 сая фунт стерлинг, 1.4 сая доллар, 1.2 сая евро/ байж магадгүй гэсэн таамаглал байна.
“Хөрөнгөө оффшор бүсэд нуусан татвараас зайлсхийгчдийг барьж авахын тулд бид тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Тиймээс эдгээр материалуудыг худалдаж авах нь зөв санаа гэж бид үзсэн” гэж К.Лорицен ярьжээ.
Алдагдсан мэдээллийг худалдаж авахтай холбоотойгоор асуудал үүсч болзошгүйг тэрбээр хүлээн зөвшөөрөөд "татварын байгууллагууд үүнд болгоомжтой хандах хэрэгтэй" гэж анхааруулсан байна.
Х.Сарнай