СЭЛЭНГЭ: Төсвийн орлогын төлөвлөгөөг өнгөрсөн онд 103 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-09 17:15:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэж байна.

 

Татварын албаны цахимжилт, шинэчлэлийн хүрээнд татварын бааз өсөж, төсвийн орлого нэмэгджээ. Энэ нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч байгаагийн илрэл хэмээн аймгийн  Татварын хэлтсийн дарга Ц.Лхагвадорж ярилаа.

 

Мөн тэрбээр Сэлэнгэ аймгийн тухайд энэхүү цахим шинэчлэлт нь татвар төлөгчдөдөө чирэгдэлгүй шуурхай, тохирсон үйлчилгээг үзүүлэх. Цаашлаад тэдний цаг завыг хэмнэсэн чухал алхам болж байна гэв.

 

Тус аймгийн хэмжээнд 2022 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын буцаан олголтыг 127 татвар төлөгч 1,7 сая төгрөг, Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд 1667 иргэн 1,6 сая төгрөгийн буцаан олголт авчээ. Энэхүү үзүүлэлт нь жил бүр өсөж байгаа аж.

 

Аймгийн Татварын хэлтсийн хамт олон өнгөрсөн онд аймаг улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 103 хувиар давуулан биелүүлсэн байна. татвар төлөгчдийн өдрөөр шилдэг татвар төлөгч байгууллагуудаа шалгаруулан урамшуулдаг уламжлалтай.


Тухайлбал "Сэлэнгэ АЗЗА" компанийн хамт олон 2022 оныг Татварын өрнөөс-Шилдэг татвар төлөгч байгууллага болон шалгарсан амжилтыг үзүүлжээ.

 

Аймгийн татварын хэлтсээс "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг угтан "Цахим татварын ач тус" сэдвийн хүрээнд "Хариуцлагатай татвар төлөгч" сэдэвт эсээ бичлэг, гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна.

 

Гар зургийн уралдааны бага насны ангилалд Сүхбаатар сумын Спорт сургуулийн 2а ангийн сурагч У.Итгэл, дунд насны ангилалд Сүхбаатар сумын 4-р сургуулийн 8в ангийн сурагч М.Сайнбаяр, ахлах насанд Сүхбаатар сумын 1-р сургуулийн 10б ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ нар тэргүүн байр эзэлжээ.

Эсээ бичлэгийн уралдаанд тэргүүн байрыг Мандал сумын 5-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Цэлмэг шалгарсан байна.


Мөн ЕБС-ийн сурагчдын татварын хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, цахим татварын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор "Татварын тухай ойлголт, татварын албаны цахимжилт" сургалтыг тус тус зохион байгуулсан байна. 



Холбоотой мэдээ