ДУНДГОВЬ: “Яргуй-2023” наадмын оролцогчид өв соёлоороо бахархах урлагийн шилдэг бүтээлийг толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-05 10:21:46
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, аймгийн ЗДТГ, БШУГ, СУГ, “Дорждагва сан” хамтран хүүхдийн урлагийн “Яргуй-2023”  наадмыг зохион байгуулж байна. Ж.Дорждагвын нэрэмжит хүүхдийн урлагийн бага наадам нь уртын дуу, морин хуур, ардын язгуур урлаг, өв соёлыг өвлөн тээх залуу үеийг тодруулах зорилготой юм.

Тус уралдааны нэгдүгээр шатыг бүсчлэн зохион байгуулж, хөдөөгийн 14 сумыг 2 бүс болгон шилдгүүдийг шалгаруулсан бол 5 дугаар сарын 4-нд Сайнцагаан сумын 5 сургуулиас шилдгүүдээ шалгарууллаа. Сайнцагаан сумаас тус наадамд 5 сургуулийн 360 гаруй сурагч оролцжээ.



“Яргуй-2023” урлагийн бага наадмын оролцогчид морин хуурын хамтлаг, уртын дууны хамтлаг, монгол ардын бүжгийн хамтлаг, зохиолын дууны гоцлол, үндэсний хөгжмийн хамтлаг, язгуур урлагийн хамтлаг, гоцлол дуу төрлөөр өрсөлдсөн юм.

Мандалговь хотод өнөөдөр тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт болж байна. Нэгдүгээр шатнаас шалгарсан хамтлаг, дууч хүүхдүүд уртын дуу, морин хуур, ардын язгуур урлаг гээд монгол өв соёлоороо бахархах урлагийн шилдэг үзүүлбэр, уран бүтээлийг үзүүлэн гайхшруулж байна. Өнөөдрийн шалгаруулалтаас шалгарсан шилдэг оролцогчдын гала тоглолт болно. 



Холбоотой мэдээ