Филиппин, АНУ-ын төрийн тэргүүн нар цөөн хором ярилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-09-08 08:25:28

МАНИЛА./Reuters/.Товлосон уулзалт цуцлагдсан хэдий ч Ерөнхийлөгч Р.Дутерте АНУ-н Ерөнхийлөгч Б.Обаматай цөөн хором ярилцсан гэж Филиппиний ГХЯ мэдэгдлээ.

Тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “лхагва гарагт оройн зоог барихын өмнө тэд цөөн хором ярилцсан” гэв.

Р.Дутерте, Б.Обама нар Лаост болж буй Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ Дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм. Тэд мягмар гарагт хэлэлцээ хийхээр товлоод байсан билээ.

Мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны үеэр олон сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр хөнөөж байгаа асуудлыг уг уулзалтын үеэр Б.Обама хөндөхөөр төлөвлөж байжээ.

Харин Р.Дутерте сэтгүүлчдийн өмнө Б.Обамаг тодорхойлохдоо бүдүүлэг үг ашигласаны улмаас АНУ-ын тал уулзалтыг цуцалсан юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ