Монгол дахь бизнесийн ёс зүй олон улсын түвшнээс доогуур байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-27 09:32:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн байгууллага, ААН-үүд төрийн байгууллагуудтай харилцаж ажиллахдаа төрийнхнөөс ёс зүй нэхэж, төрийн албыг ёс зүйтэй байхыг шаарддаг. Тэгвэл бизнесийнхэн мөн өөрсдөө ёс зүйн шаардлагыг даган мөрдөж, үүнийгээ тодорхойлон гаргаж, өөрсдөөсөө нэхэх цаг болсныг “Бизнесийн ёс зүй, комплаенсын үндэсний хоёрдугаар форум” дээр Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн онцлон хэлэв.

Тиймээс “Бизнесийн ёс зүй, комплаенсын форум”-ыг бизнесийн салбарт тэргүүлэгч, дэлхийн жишигт нийцсэн төслүүдийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шилдэг ААН-үүдийн туршлагыг хуваалцаж, энд тавигддаг буй шаардлагыг хэлэлцэх зорилгоор зохион байгуулж байна гэв.



Б.Батзориг: Ямар ч компанид санхүүгийн болон бүх үйл ажиллагааг эрх зүйн хувьд хамгаалдаг комплаенсын буюу хуулийн дагуух дотоод дэг журмын гэсэн хоёр хяналт байдаг. 



Форумаар дотоодын компани, ААН-үүд үйл ажиллагааны дараагийн шатанд гарахад бизнесийн стандарт, хэм хэмжээний дагуу ажиллах, бизнесийн ёс зүйг нэвтрүүлж хэвшүүлэх шаардлага нэгэнтээ тулгарсныг хэлэлцлээ.

Форумд Монголын Комплаенсийн зөвлөлийн зөвлөх, доктор, дэд профессор Б.Батзориг илтгэл тавин хэлэлцүүлсэн юм. Тэрбээр илтгэлдээ комплаенс, ёс зүй хоёр хоорондоо нягт холбоотойг дурдаад, комплаенс гэдэг бол бизнесийн үйл ажиллагаа хуулийн дагуу, ёс зүй, дүрэм журмын дагуу шударгаар явагдан ажиллах бизнесийн зарчим юм гэдгийг тодотгон хэлсэн юм. Тэрбээр, судалгаагаар манай улсад бизнесийн ёс зүй олон улсын хэм хэмжээнээс дундаас доогуур түвшинд байгааг онцолж байв.







Манай улсад МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус төвөөс “Бизнесийн ёс зүй, комплаенсын Үндэсний хоёрдугаар форум”-ыг зохион байгууллаа. Комплаенсын Үндэсний форум манай улсад өнгөрсөн жил анх удаагаа болсон юм.

Холбоотой мэдээ