ЗАВХАН: Хүн амынхаа хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангахыг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн нийслэл хотоос
даруй 800-1500 төгрөгийн илүү үнэтэй байна.
Хэрэглээний үнийн индекс нь хэрэглэгчдийн худалдаж авсан бараа, үйлчилгээний нэр төрөл, чанар өөрчлөлтгүй тогтвортой байхад үнэ дунджаар өөрчлөгдөж буйг илэрхийлэх үзүүлэлт юм. Нэг өрхөөр бус нийт өрхөөр тооцогдсон үнийн дундаж өөрчлөлтийг харуулдаг аж.
Өнөөдрийн
байдлаар тус аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох нэгдүгээр зэргийн
гурил 1 кг нь 2500, элсэн чихэр 1кг нь 3500, цагаан будаа 3500, савлаагүй сүү 1 литр нь 6000 төгрөг байна. Өнгөрсөн
жилээс дээрх бүтээгдэхүүний үнэ дунджаар 800-1000 төгрөгөөр нэмэгдсэн. Харин хонины мах 1 кг нь 10000, үхрийн мах 11000, ямааны мах 7000 төгрөгөөр тус тус худалдаж байна. Махны үнэ өнгөрсөн жилийн мөн үеэс 500 төгрөгөөр буурсан байна.
Завхан аймгийн боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын эзлэх хувь нь 70.8 хувь байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Сүүлийн жилүүдэд дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, импортыг орлохуйц хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болсон нь тус дэд салбарын үйлдвэрлэлийн бүтэц хэвийн түвшинд байх нөхцөлийг бүрдүүлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний
үйлдвэрлэлийн салбарт мах,
загас, жимс, ногоо, өөх, тос боловсруулалт, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үр тарианы гурил, цардуул, малын тэжээл үйлдвэрлэл, хүнсний бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон ундаа үйлдвэрлэл багтдаг. Хүнсний
бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 15.2 хувийг нь гурилан бүтээгдэхүүн эзэлж байна.
Аймгийн хэмжээнд нийт 19 үйлдвэр
гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдийн хүнсний хэрэгцээг хангадаг. "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг 55 хувьд хүргэх зорилго тавьж, эрүүл ахуйн шаардлага стандартыг мөрдүүлэн ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.
Гурил, гурилан бүтээгдэхүүн нь хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хоногт эзлэх хэмжээг тодорхойлсон судалгааны дүнгээр хоногийн хэрэглээний 63 хувийг үр тариа, түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг аж.
Тэгвэл тус аймагт
дотоодын үйлдвэрийн талх, нарийн боов дунджаар 2100-3000 төгрөг байгаа бол
Улаанбаатар хотоос ирж буй үйлдвэрийн талх, нарийн боов дунджаар 6000-7500
төгрөгөөр худалдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өнгөрсөн жилээс улс даяар эхлүүлсэн. Гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэхээр нээлтийг 21 аймагт зохион байгуулсан билээ.
Дээрх хөдөлгөөнийг дэмжиж,
Завхан
аймаг хүнсний
гол нэрийн бүтээгдэхүүний хангалт, аюулгүй байдлыг хангахаар бодлого
боловруулан ажиллаж буй.
Тус аймаг сүүний үйлдвэргүйгээс хүний биед нэн шаардлагатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээгээ иргэд бүрэн авч чаддаггүй байна. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд санхүүжилт олгогдсоноор сүүний үйлдвэрийг байгуулах аж. Харин хүнсний ногооны хувьд 30 хүрэхгүй хувийг дотоодоосоо хангадаг. Энэ жил хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж, 1000 тонны багтаамжтай хүнсний ногооны зоорь барихаар зураг төслийн ажил нь хийгдсэн салбар яаманд хүсэлтээ хүргүүлсэн байна.
Аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тариф нийслэл Улаанбаатар хот болон баруун бүсэд өндөр байдаг.
Тиймээс дээрх гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ялангуяа гурилан бүтээгдэхүүн, мах, сүү, ногооны хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангах зорилготой, нарийн төлөвлөлтийг салбаруудын бодлогод тусгаж хамтран ажиллаж байна.
Ташрамд, тус аймгийн улаан саримс нь Монгол Улсын шилдэг 99
брэнд бүтээгдэхүүний нэг. 2013 оноос хойш “Завхан аймгийн улаан саримсны дэд
хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэн ажиллаж байна. Цаашдаа эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч
иргэд, аж ахуй нэгж байгууллагаа нэгтгэх бодлого боловсруулан ажиллаж байна. Мөн сумдад хүнсний аюулгүй байдлыг хянадаг улсын байцаагчийн эрх олгох үйл ажиллагааг эхлүүлсэн. Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр суралцах
оюутнуудыг тухайн сумаас тодорхойлж хүсэлт ирүүлснээр, хөнгөлөлттэй үнээр сургах, суралцаж төгсөөд нутагтаа ажиллах боломжоор нь хангах талаар бодлогодоо тусгасан байгаа талаар аймгийн ХХААГ-аас
мэдээлэв.