Хятад улс Сарны гадаргуугаас авчирсан дээжийг Орос, Францад бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-04-25 13:35:52

БЭЭЖИН. /People's Daily/. Хятад улс гараг ​​хоорондын "Чанъэ-5" автомат станцаар 2020 онд дэлхийд авчирсан Сарны хөрсний дээжийг Орос, Францад бэлэглэсэн тухай тус улсын сансар судлалын газар /CNSA/ Үндэсний сансрын нисгэгчдийн өдрийг нээх ёслолын үеэр мэдээлжээ. 


Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг 2022 оны хоёрдугаар сарын 4-нд БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр тус улс 1.5 грамм сарны хөрсийг Оросын талд өгчээ. Харин энэ оны дөрөвдүгээр сард Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроныг айлчлах үеэр мөн 1.5 грамм сарны хөрс бэлэглэсэн байна. 


2023 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Орос улс мөн хариу бэлэг болгож Хятадад 1.5 грамм сарны дээжийг шинжлэх ухааны судалгаанд зориулан өгчээ. 


Орос, Францад өгсөн сарны хөрсний дээжийг Хятадын “Чанъэ-5” аппарат 2020 оны 12 дугаар Сарны гадаргуугаас цуглуулсан бол 1970 онд Зөвлөлтийн гараг хоорондын "Луна-16" станцын цуглуулсан дээжийг Оросоос Хятадад өгсөн байна. 


2020 оны 12 дугаар сард Хятадын сансар судлалын үндэсний газар сарны дээжийн судалгааг идэвхжүүлж, шинжлэх ухааны үр дүнг солилцоход туслах зорилгоор "Сарны дээжийг ашиглах арга хэмжээ" нэртэй төлөвлөгөөгөө нийтэлжээ.  “Чанъэ-5” хөлгөөр дэлхийд авчирсан сарны дээжийг судлах судалгаанд өнөөдрийг хүртэл ОХУ, Франц, Австрали, АНУ, Их Британи, Шведийн эрдэмтэд оролцсон байна. 


Холбоотой мэдээ