ОРХОН: “Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-04-22 14:50:42
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Ногоон амины орон сууцны нээлттэй өдөрлөг эхэллээ. Орхон аймаг агаар, хөрсний бохирдлыг багасгах зорилгоор байгальд орчинд ээлтэй амины сууцыг иргэдэд санал болгож, мэргэжлийн байгууллагуудыг өдөрлөгтөө урьж оролцуулж байна.

Орхон аймаг 29 мянган өрхтэйгээс 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг.  Иймд өөрийн амьдарч буй гэр, байшингаа дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй болгож өөрчлөх эсвэл шинээр ногоон амины сууц барихад нь мэдээлэл өгөх нь уг өдөрлөгийн зорилго юм.

Өдөрлөгт барилгын материал болон эрчим хүч үйлдвэрлэгч компани, ногоон зээлийн санхүүжилт олгодог банк, ногоон амины орон сууц барихад зөвлөн туслалцаа үзүүлдэг зөвлөх компанийн төлөөлөл оролцлоо. Тэд иргэдэд амьдрах орчноо өөрчлөх, байгаль дэлхийгээ хайрлах, дулаан тавтай амьдрах шийдлүүдийг санал болгосон юм.

Үүнд: барилгын дулаалга болон дуу чимээг багасгахад ашигладаг хөнгөн дүүргэгч буюу керамзит үйлдвэрлэгч “New Sever” ХХК дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тус компани керамзит, керамзитин блок үйлвэрлэлээрээ Монголдоо анхдагч юм.

Монгол инженерүүдийн үйлдвэрлэсэн нарны суурин эх үүсгүүрүүд нь өдөрлөгийн бас нэгэн чухал мэдээлэл байлаа. “Рентек” ХХК нь айл өрхийн 3-18 кВт, аж ахуйн нэгжийн 18-500 кВт цахилгаан үйлдвэрлэх бие даасан болон сүлжээнд холбогдох боломжтой нарны эх үүсгүүрийг үйлдвэрлэдэг. “Нар нэхэмжлэх илгээгүй” гэсэн уриатай тус компани нарны эрчим хүчийг зөв ашиглан халуун, дулаан өвөлжих боломжийг санал болгож байна.

Энэ мэтчилэн өдөрлөгт оролцож буй компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулж “Ногоон Эрдэнэт” болох орон нутгийн шийдвэрийг дэмжин ажиллаж байна.

Өнөөдрийн үйл ажиллагааг аймгийн ИТХ,  ЗДТГ санаачлан зохион байгуулсан юм. 





Холбоотой мэдээ