Польшид танкийн засвар үйлчилгээний төв байгуулахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-22 13:39:46

БЕРЛИН. /Welt/. Баасан гарагт Германы "Рамштайн" цэргийн баазад Өрнөдийн орнуудын Батлан хамгаалах сайд нарын ээлжит уулзалт боллоо. 


“Украины асуудлаар холбоо тогтоох бүлгийн өнөөдрийн хуралдаанаар агаарын довтолгооноос хамгаалах систем, сум, туслах хэрэгсэл гэсэн гурван гол асуудалд анхаарлаа хандуулна. Оросын пуужингийн аюул заналаас иргэдээ, дэд бүтцээ хамгаалахад Украинд бидний тусламж яаралтай хэрэгтэй байна" гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин уулзалтын үеэр хэлсэн байна.


Уулзалтын үеэр мөн Украинд нийлүүлээд байгаа “Leopard 2” танкуудыг засварлах төвийг Польшид байгуулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 

 

Засвар үйлчилгээний төв тавдугаар сарын сүүлчээр нээгдэх төлөвтэй байна гэж Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.  


Нэгдүгээр сарын 25-нд Германы Засгийн газар 14 нэгж “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэхээр шийдсэнээ, мөн уг танкийг дахин экспортлохыг бусад улс орнуудад зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн билээ. Хоёрдугаар сарын 24-нд Германы эрх баригчид Киевт Зэвсэгт хүчнийхээ нөөцөөс дахин дөрвөн танк нийлүүлэх шийдвэр гаргажээ. Амласан 18  танк нь Украинд ирснийг Берлин гуравдугаар сарын сүүлчээр баталсан байна. 


“Leopard 2” нь дэлхийн зэвсгийн зах зээл дээрх хамгийн орчин үеийн байлдааны танкуудын нэгд тооцогддог. 


Холбоотой мэдээ