Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг тэлэх IPO

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-04-21 21:31:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны хувьд Хөрөнгийн зах зээлд өсөлттэй байх өөдрөг дүр зураг ажиглагдаж байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хувьд өсөлтөө хадгалахад удааширалтай байгаа ч Монголын хувьд эсрэгээрээ амжилттай үзүүлэлтүүд гарсаар байгаа.


Тухайлбал, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хэмжүүр болох зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны эхний хагаст нэг их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан. Монголын Хөрөнгийн бирж 2021 онд хамгийн өндөр дүнтэй арилжаа хийсэн бол 2022 онд зах зээлийн үнэлгээ нь 6.9 их наяд төгрөгийн үнэлгээтэй болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15 хувиар өссөн бөгөөд энэ нь ДНБ-ийн 13 хувьтай дүйх үзүүлэлт юм. Тэгвэл салбарын мэргэжилтнүүдийн хувьд санхүүгийн зах зээлд хамгийн том байр суурь эзэлдэг системийн нөлөө бүхий банкууд хувьцаат компани болсноор тодорхой хэмжээний мөнгөн дүн хөрөнгийн зах зээл рүү орно хэмээн мэдэгдэж байгаа. Үнэндээ хөрөнгийн болон санхүүгийн зах зээл харилцан бие биенээ дэмжих салбарууд. Энэ хэрээр эдийн засгийг тэлэх хөшүүрэг болох юм. Өнгөрсөн оны байдлаар Хөрөнгийн зах зээл долоон их наяд төгрөгийн үнэлгээтэй хэмээн гарсан бөгөөд системийн нөлөө бүхий таван банк орж ирснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин өсөх болов уу гэсэн хүлээлт үүссэн. Энэ нь сүүлийн 30 жилд болж буй хамгийн том тэлэлт ч байж мэднэ хэмээн салбарынхан өөдрөгөөр харж байгаа.


Эдүгээ /Initial Public Offerring/ буюу анх удаагаа олон нийтэд хувьцаагаа санал болгох гэсэн утга бүхий IPO хэмээх нэршил монголчуудын хувьд  аль хэдийнээ танил болсон. Системийн нөлөө бүхий банкууд компанийн хэлбэрээ өөрчлөн зохион байгуулж нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг 2021 онд хэлэлцэн хуульчилсан. Үнэндээ Монгол Улсад санхүүгийн тогтолцоог зөв бүтэцтэй болгох зайлшгүй шаардлага байгаа. Манайд банк 90 хувь, Хадгаламж зээлийн хоршоод, ББСБ, даатгал нийлээд 10 хувийг эзлэх. Харин өндөр хөгжилтэй орнуудад банк санхүү, хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь тэнцүү байдгаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, энэ харьцаа тэнцвэртэй байх нь эдийн засагт өгөх өгөөжийг тэлнэ. 


Системийн нөлөө бүхий томоохон банкууд IPO хийснээр хөрөнгийн зах зээлд ямар ач холбогдолтой вэ?

Үүнд эдийн засагчид үнэлгээ өсөх, хөрвөх чадвар өндөртэй шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжирна хэмээн тодотгож байна. Улмаар банкуудын IPO нь арилжааны банкуудын хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах, банкны өмчлөл хяналтын тэнцвэрт байдлыг бий болгох, банкны мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал сайжрах давуу талтайг онцолсон. IPO-г дагаад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын орлого ашиг нэмэгдэх, энэ хэрээр банкны үзүүлэх үйлчилгээний тоо хэмжээ ихсэж ашигт ажиллагаа нь нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Түүнчлэн гадны хөрөнгө оруулалтыг татахад гол нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд тодотгосон.


Хүн төрөлхтний хувьд IPO-д оролцох гол шалтгаан нь өндөр ашиг, өгөөж хүртэх явдал юм. Өөрөөр хэлбэл банкны хадгаламжийн хүүнээс өндөр өгөөжийг хүртэх нь тэдний эцсийн зорилго гэж хэлж болно. Ашиг олох хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө оруулахыг хөрөнгө оруулалт гэдэг. Хөрөнгө оруулахад шаардлагатай хөрөнгийн доод хэмжээ хязгааргүй бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хөрөнгийн үнэ цэнэ өсдөгөөрөө онцлогтой. Нөгөөтэйгүүр хувьцааны сул тал нь үнэ өгсөж буурах хэлбэлзэл өндөр байдаг. 


Тоон баримтаас үзвэл Хөрөнгийн бирж дээр 2006 оноос хойш давхардсан тоогоор нийт 46 компани IPO хийсэн байна. Харин 2017 оноос анхдагч зах зээл дээр 13 компани IPO хийснээс 9 компанийн хувьцаа 11-46 хувийн өсөлт үзүүлжээ. Монгол Улсын хэмжээнд 1413 салбар бүхий арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд банкуудын IPO хөрөнгийн зах зээлийг урагшлуулах хөшүүрэг болно хэмээн салбарынхан үзэж буй юм. Эдүгээ банкны салбарын нийт актив 46 их наяд төгрөг, банкуудын харилцах хадгаламжийн нийт дүн 20 их наяд төгрөг байгаа. Тиймээс Төвбанк санхүүжилт татах дүнг банкны системд хадгалагдаж байгаа дүнтэй харьцуулбал банкуудын IPO амжилттай болох боломжтой хэмээн дүгнэж буй юм. Түүнчлэн арилжааны банкуудын урьдчилан ирүүлсэн төлөвлөгөөнөөс үзэхэд нийт 430 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоолол гараад байгаа аж.


Өнөөдрийн байдлаар системийн нөлөө бүхий таван том банкнаас Төрийн банк, Голомт банк, Хаан банк IPO хийж, олон нийтэд хувьцаагаа санал болгосон. Голомт банк 118 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалж, хөрвөх чадварын харьцаа нь өнгөрсөн оны 12 дугаар сард огцом нэмэгдэж, 23.7 хувьд хүрч байв. Харин Төрийн банкны хувьцааных нь 49.63 хувийг Сангийн яам, 45.37 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшиж буй бол үлдсэн 5 хувийн хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон. Тэгвэл Монголын хамгийн томд тооцогдох Хаан банк өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хувьцааныхаа 10 хувийг санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ давж хаагдав.


Хөрөнгийн зах зээлийн ханшийн мэдээллээр, өнөөдрийн байдлаар Төрийн банкны хувьцааны ханш 602.15 төгрөгт хүрч -0.27 хувиар унажээ. Голомт банк ХК-ийн хувьцааны ханш 1082 төгрөгт хүрч, 1.60 хувиар буурсан байна. Үүнд мэргэжилтнүүд сандрах хэрэггүй бөгөөд, гадаад, дотоод хүчин зүйлүүдээс шалтгаалан хувьцааны үнэ өгсөж уруудах хэлбэлзэл өндөр байдгийг сануулж байна. Төрийн банк цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 63.68 төгрөг тооцон ногдол ашиг тараах шийдвэрээ олон нийтэд зарласан. Харин "Голомт банк" 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 50 төгрөг тооцон ногдол ашиг тараахаа мэдэгдээд байгаа. 


Банкуудын IPO-гийн талаар Монголын Хөрөнгийн бирж гүйцэтгэх захирал Х.Алтай, “Банкууд IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 10 их наядад хүрэх боломжтой гэж харж байна. Одоо хөрөнгийн зах зээл ДНБ-ийн 13 их наяд орчим хувьтай тэнцэхүйц үнэлгээтэй байгаа. Тэгэхээр цаашдаа ДНБ-ийн 30 хувьтай тэнцэхүйц болно гэсэн хүлээлт бий” хэмээв.  


Хөрөнгийн зах зээлийн хувьд 2021 онд хамгийн өсөлттэй оргил үе байсан бөгөөд өнгөрсөн оны хувьд ч өсөлтөө хадгалсан гэж хэлж болно. Тодруулбал, өнгөрсөн онд хөрөнгийн  зах зээлд 4.2 тэрбум 734.6 сая төгрөг төвлөрчээ. Энэ оны хувьд системийн томоохон банкууд IPO хийсэн нь хөрөнгийн зах зах зээлд тодорхой  хэмжээний жин дарна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй юм.


Ямартаа ч хөрөнгийн зах зээлийн арилжааны системийн хувьд олон улсын жишигт нийцсэн бөгөөд үнэт цаасны компаниуд онлайн арилжааны системээр шуурхай үйлчлэхээс эхлээд хөрөнгийн зах зээлд ахиц дэвшлүүд гарсаар байна.

Холбоотой мэдээ