“Бекжанай” компанийнхан чацарганаа хурааж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын С.Бекет захиралтай «Бекжанай» компани ургацаа хэрэглэгчиддээ хүртээж эхлэв. Өнгөрсөн жил аймаг, сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт гэрээний дагуу долоон тонн чацаргана, хүнсний ногоо нийлүүлсэн уг компани энэ намар 10 гаруй тонныг зах зээлд гаргахаар болж байна.
“Бекжанай” ХХК нь 2009 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эхэлсэн юм. Эхлээд энгийн худгаар усалдаг байв. 2012 оноос гүний худагтай болж, засгийн тусламжаар эрчим хүчний өндөр хүчдэлийн шугаманд холбогдсон нь ажлыг эрчимжүүлж өглөө. 2010 оноос Ховд голоос суваг татан услалтын систем байгуулж эхэлсэн. Энэ байгууламж ирэх жил ашиглалтанд орсоноор энэ уудам талыг бүрэн эзэмшиж жимс, хүнсний ногооноос гадна малын их хэмжээний тэжээл тариалах болно. Одоо тариалангийн талбайнаас гадна 3500 гаруй ширхэг чацарганы модтой. Ургац хураах ажилд сумын төвийн иргэд, сургуулийн сурагчид хамжилцна.
2015 онд долоон тонн чацаргана хурааж авч, чацарганы өтгөрүүлсэн шүүсийг савлан гаргаж аймаг, сумдын сургууль, цэцэрлэгүүд болон ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдхүүн болох чацаргана болон чацарганы шүүсээр хангаж байгаа. Мөн чацарганы цэвэр тос механик аргаар гарган авч байгаа юм.
Ш.Айзаря