Монголын уламжлалт анагаах ухааны 50 боть бүтээлийг эмхэтгэж хэвлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-04-16 16:44:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлэх төслийн хүрээнд эхний 50 боть бүтээлийг эмхэтгэн нэгтгэж гаргажээ.


Монголчуудын өвөг дээдсийн олон зуун жилийн туршид бүтээсэн түүх, өв соёлын үнэт зүйлсийн дотор хүний өвчин зовлонг анагаан эдгээдэг, эрүүл амьдрах ухаан, зан үйл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг монгол, төвөд, манж гээд олон янзын бичиг үсгээр тэмдэглэж үлдээсэн судар номууд үнэ цэнэтэй, хүндтэй байрыг эзэлдэг. Энэ агуулгаараа Монголын уламжлалт анагаах ухаан бол монголчуудын оршин тогтнохуйн эх үндэс, өвчингүй эрүүл амьдрах хэв маягаас үүдэж хөгжсөн хосгүй үнэт шинжлэх ухаан төдийгүй, улс үндэстний тусгаар тогтнол удам судрын хэлхээг дархлаажуулан баталгаажуулдаг нандин өв юм.


"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгохоор тусгайлан тусгасны дагуу Монгол Улсын Засгийн газраас Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эхний хэсгийг шийдвэрлэж, энэхүү төслийн хүрээнд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг түшиглэн ийнхүү 50 боть бүтээлийг эмхэтгэн нэгтгэж хэвлүүлжээ.

Холбоотой мэдээ