ГОВЬ-АЛТАЙ: "Холио солио" аянаар 239 хувцас солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-05 15:18:52

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хуучин хувцсаа солилцох, худалдан борлуулах, загварыг нь өөрчлөн оёдолчноор шинэчлүүлэх "Холио солио" аян Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн багш, оюутнуудын дунд өрнөж байна.


Аяныг "Ирвэстэй нутгийн ирээдүй" төслөөс баруун бүсийн аймгуудын МСҮТ, Политехникийн коллежуудын дунд хоёр үе шаттай зохион байгуулж байгаа аж.

МСҮТ-ийн зохион байгуулалтаар сурагч, оюутнуудад хувцас загвар, fast fashion үйлдвэрлэл нь байгаль орчинд ямар нөлөө үзүүлдэг тухай мөн хувцсаа гамтай өмсөх, хуучин хувцсаа шууд хог дээр хаях бус хэрэгцээт хүнд нь дамжуулах, дахин загварчлан өмсөх нь байгаль орчин болоод эдийн засагт авчрах ач холбогдлын талаар мэдээлэл түгээх зорилготой аян юм. Үүний сацуу олон нийтэд байгальд ээлтэй хувцасны чиг хандлага, хуучин хувцсыг сэргээн ашиглах зэрлэг амьтдын үслэг эдлэлийг оролцуулаагүй загварлаг хувцас бүтээх, дахин загварчлан ач холбогдлыг таниулан сурталчилж, аяны төгсгөлд хуучин хувцсыг хэрхэн дахин загварчилсан хувцасны шоу болох тухай Говь-Алтай аймгийн МСҮТ-өөс мэдээлэв.


Энэхүү аяныг Говь-Алтай аймгийн МСҮТ-ийн "Эко загвар" багаас гуравдугаар сарын 21-нээс эхлэн зохион байгуулж байна. Одоогоор 367 ширхэг төрөл бүрийн хуучин хувцас цуглуулж, 68 хувь буюу 239-ийг нь солилцож, 18 хувийг нь борлуулжээ.


МСҮТ-ийн газар тариалангийн мэргэжлийн багш, Сургуулийн "Ногоон-Алтай" эко клубийн багш Х.Лхамноржин: 


Хувцас үйлдвэрлэл нь сүүлийн жилд дэлхийд 4 дахин нэмэгдсэн. Хаягдал хувцасны хэмжээ нэмэгдсээр байгаа нь тус салбараас гарч буй ялгарсан хүлэмжийн хийн хэмжээ нь бусад салбараас давж гарсаар байна. Хувцсыг зөвхөн даавуугаар хийдэггүй. Маш их ус, бүр маш их ус, будаг, эрчим хүч, цаг хугацаагаар хийдэг. Ганцхан цамц үйлдвэрлэхэд 2700 л ус зарцуулдаг буюу энэ нь 1 хүний 2,5 жил уух устай тэнцэж байгаа юм.

Иймд бид ганцхан биед хэдэн хувцас хэрэгтэй юм бэ?

Ганцхан удаа өмсөөд угаах ямар хэрэгтэй юм бэ?

Ганц хувцас элээж, элэгдүүлж шалаа арчиж хаяж үзсэн үү? 

Шүүгээ дүүрэн хувцас байхад шинийг авч яах юм бэ? Сайн тунгааж үзэх хэрэгтэй. 

Хүн бүр дор бүрнээ байгаль орчноо хайрлан хамгаалж, жижиг гэлтгүй үйлдлийг хийвэл тэр нь эх дэлхийдээ бага ч гэсэн амс хийх чөлөө өгч чадна гэдэг санааг гарган энэ уриалгыг дэмжин ажиллаж байна.

Энэ уриалгыг дэмжиж бид олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан өдөр тутамдаа байгаль орчиндоо ээлтэй жижиг гэлтгүй үйлдэл хийдэг чимээгүй баатруудын цуврал контент бичлэг бэлтгэн, цахим хуудсаараа дамжуулан сурталчлах ажлыг зохион байгуулж, “Эх байгальдаа амсхийх цаг өгье” уриан дор манай сургуулийн хамт олон нэгдэж байна.

Холбоотой мэдээ