ГОВЬ-АЛТАЙ: “Агийн улаан хаан” тууль хайлах цахим сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-03 10:39:44

Есөнбулаг /МОНЦАМЭ/. “Агийн улаан хаан” баатарлаг тууль хайлах сургалтыг гурван өдрийн турш зохион байгууллаа.


“Алсын  хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 1.2.5, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Агийн улаан хаан” баатарлаг тууль хайлах гурван өдрийн сургалтыг гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулав.


Сургалтыг Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газраас санаачлан Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, төрийн туульч Э.Баатаржав удирдан явуулсан байна. Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн багш, сумдын Соёлын төвүүдийн дарга, дуу хөгжмийн багш нийт 65 албан хаагч хамрагдлаа.

Уг сургалт нь  “Туулийн тухай ерөнхий ойлголт”, “Аваргасын таван орны үүдийг баригч туульсын онцлог шинжүүд”, “Монгол туулийн орон зайн үндсэн төрх, хайлах зориулалт, онцлог шинж, дэг ёсон”, “Монгол туулийн шинж чанар зан үйл, хөгжмийн зэмсэг дэг ёсон”, “Агийн улаан хаан баатарлаг туулийн ая дан сурах”, “Товшуур хөгжимтэй ая дан нийлэх” сэдвийн хүрээнд  цахим хэлбэрээр явуулсан тухай Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ