ЦАГ АГААР: Дөрөвдүгээр сарын эхээр салхи шуурга ихтэй, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2023-04-01 08:54:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2023 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. 


Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.


АЖИГЛАГДСАН ЯВГАН БОЛОН ШОРООН ШУУРГАТАЙ 4–Р САРЫН ӨДРҮҮДИЙН ӨӨРЧЛӨЛТ

Сүүлийн 40 жил (1981–2021 он)-ийн 4 дүгээр сард 68 станцын ажиглагдсан явган (ЯШШ) өдөр болон шороон шуургатай (ШШ) өдрийн өөрчлөлтийг 2 үеэр (1982–2001, 2002–2021) тооцон гаргажээ. Эхний 20 жилд (1982–2001) ЯШШ өдрийн тооны давтагдал орон зайн хувьд баруун бүс нутгаар харьцангуй их (3 – 15), говийн бүс нутгаар харьцангуй бага (1 – 10) байхад, ШШ өдрийн тоо говийн болон төвийн бүс нутгаар харьцангуй их.  Бусад нутгаар жигд тархалттай байсан байна. Харин сүүлийн 20 жилд (2002 – 2021) ЯШШ өдөр болон ШШ өдрийн тоо бүх бүс нутгаар илэрхий эрчимтэй нэмэгджээ. Ялангуяа төв болон говийн бүс нутгаар ШШ өдөр бараг  2.0 дахин нэмэгдсэн  байна  


УУР АМЬСГАЛЫН ТОЙМ  

Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг. Харин 4 дүгээр сарын агаарын температурын ОЖД, [ °С]. 2000 оноос хойших жилүүдэд дөрөвдүгээр сарын агаарын температур ОЖД–аас харьцангуй дулаан байсан. Тухайлбал 2004–2005, 2007–2010, 2011–2012, 2014–2020 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2–6°С–аар дулаан байжээ. Харин 1979–1980, 1983–1986, 1988, 1990– 1991, 1993, 2010 онуудад агаарын температур олон жилийн дунджаас 2–6°С-аар хүйтэн байсан байх юм.


Мөн сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон– Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог. Хур тунадасны хувьд 1979–1981, 1985, 1990, 1994–1995, 1998–2003, 2014–2016, 2018, 2021 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас оржээ. Гэтэл  1982–1984, 1987–1988,1992, 1996– 1997, 2004, 2019–2020 онуудад олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байх юм.


Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ. 

Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)


Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ  Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байна. Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан байх магадлалтай гэжээ.   Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлал өндөр гарчээ.  Цаашлаад нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх бололтой.   Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй гарчээ. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бололтой. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.   

           

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур говь талын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бололтой. Говийн аймгуудын зарим сумдын нутгаар хурл тундас ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна, ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа тул малчид, ард иргэд мал төллөх үед анхааралтай байж, нарийвчилсан цаг агаарын мэдээгээ тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.


Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.


Энэ сард ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх магадлалтай байгаа ба ялангуяа говь талын нутгаар хур тунадас багатай, агаарын температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаагаас шалтгаалан хуурайшилт ихтэй байх магадлалтай байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байж, аялал зугаалганд явахдаа цог нурмыг бүрэн унтрааж, гал алдахаас сэргийлэн, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.


Мөн салхи шуурга ихтэй байх тул уул модонд явахдаа хачигнаас хамгаалан битүү хувцас өмсөж, мал ахуйгаа салхинд уруудуулахгүй байх дээр анхааруулжээ

Холбоотой мэдээ