"OneWeb"-ийн хиймэл дагуулуудыг Энэтхэгийн пуужингаар тойрог замд гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-03-27 11:43:20

ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) Их Британийн харилцаа холбооны “OneWeb” компанийн 36 хиймэл дагуулыг ням гарагт амжилттай хөөргөжээ. 


Хиймэл дагуулуудыг Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт орших Шрихарикота арлын сансрын буудлаас “LVM 3-M3” зөөгч пуужингаар хөөргөсөн байна. 


Энэ нь “OneWeb” компанитай байгуулсан гэрээний дагуу хиймэл дагуул хөөргөх “ISRO”-гийн хоёр дахь ажиллагаа юм. Гэрээнд зааснаар 72 хиймэл дагуулыг дэлхийн нам тойрог замд гаргана. Эхний ажиллагааны үеэр мөн 36 хиймэл дагуулыг хөөргөжээ. Тойрог замд гарсны дараа хиймэл дагуулууд дэлхийгээс 1200 км-ийн өндөрт байрлана.


“OneWeb”-ийн хиймэл дагуулууд нь хөдөлгөөнт хиймэл дагуулын холбоог ашиглан өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай юм. Урьд нь тус компани Оросын “Роскосмос” компанитай хамтран ажиллаж байсан боловч 2022 оны гуравдугаар сарын эхээр хамтын ажиллагаагаа түр зогсоохоор шийджээ. 


Холбоотой мэдээ