Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовыг төрөлх нутагт нь оршуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-04 11:28:25

ТАШКЕНТ. /KAZINFORM/. Энэ долоо хоногийн баасан гарагт 78 насандаа таалал төгссөн Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовыг төрөлх нутаг Самарканд хотод нь есдүгээр сарын 3-ны өдөр оршууллаа. Түүнийг эцэг эхийнх нь шарилын дэргэд  оршуулсан байна.

Ислам Каримовтой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд хэдэн мянган хүн, тэдний дотор төрөлх нутгийн оршин суугчид, улс төрчид болон ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан болон Туркменистаны төрийн тэргүүн нар тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцжээ.

Каримов таалал төгссөнтэй холбогдуулан Узбекистан даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.

Узбекистаныг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс удирдаж эхэлсэн Каримов есдүгээр сарын 2-нд өвчний улмаас таалал төгссөн юм.

Өнгөрсөн долоо хоногт түүний тархинд нь цус харваж, эрчимт эмчилгээнд ороод байсан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины узбекчүүдэд гүн эмгэнэл илэрхийлсэн цахилгаан утсанд Каримовыг “Узбекистаны аюулгүй бөгөөд тогтвортой байдалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн” гэж тодорхойлоод, “Узбекистан улсад нөхөж баршгүй гарз хохирол учирлаа” гэжээ.

Лалын босогчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдийг нухчин дарах ажиллагаа явуулж байсан түүний дэглэмийг дотоод болон гадаадын хүний эрхийн төлөө тэмцэгчид эрс шүүмжилдэг байсан юм.

1999 онд нийслэл Ташкент хотод олон хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсонтой холбогдуулан Каримов мэдэгдэл хийхдээ “би энэ улсын энх тайван бөгөөд амар амгалан байдлын төлөө 200 хүний толгойг тасдан тахил өргөхөд бэлэн байна. Хэрвээ миний хүүхэд ийм үйлдэл гаргавал би түүний толгойг өөрийн гараар тасдах болно” гэж байжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ