Дэлхий даяар булчин задрах тахал тархах эрсдэл их байгааг ДЭМБ анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2023-03-23 10:46:38

ЖЕНЕВ. /TASS/. Холер буюу булчин задрах тахал дэлхий даяар цаашид тархах эрсдэл маш их байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа.


Пүрэв гарагт шилжих шөнө нийтэлсэн ДЭМБ-ын тойм мэдээнд тэмдэглэснээр, гуравдугаар сарын 20-ны байдлаар 24 улсад өвчний шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. 


"2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс буюу өвчний талаарх өмнөх тойм мэдээ нийтлэгдсэнээс хойш нөхцөл байдал улам дордов. Шинээр дөрвөн улсад өвчний дэгдэлт бүртгэгдэж, гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт тоо 24-т хүрсэн. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан дэлхий даяар тархах эрсдэлийг маш их гэж үнэлж байна" гэж ДЭМБ-ын мэдээнд онцлон тэмдэглэжээ. 


Он гарснаас хойш Зүүн-Өмнөд Африкт булчих задрах тахал өвчний дэгдэлт эрс нэмэгдсэн байна. Мэргэжилтнүүд ялангуяа "Фредди" хар салхины улмаас гуравдугаар сард Малави, Мозамбик улсуудад байдал улам дордож болзошгүй гэж санаа зовж байна. Оны эхээр Замби, Зимбабве, Танзани, Өмнөд Африк болон Африк тивийн зүүн хэсэгт шинэ дэгдэлт бүртгэгджээ. 


ДЭМБ ялангуяа булчин задрах тахалтай холбоотой нас баралтын үзүүлэлт өндөр байгаад түгшиж байна. “Олон улс оронд өмнөх жилүүдтэй харьцуулахад нас баралтын түвшин өндөр байна" гэж тус байгууллага мэдэгдэв.


Холбоотой мэдээ