Xinhua: Ши Жиньпин В.Путинтэй Москвад уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-21 09:47:47

МОСКВА. /Xinhua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт Москва хотноо хүрэлцэн ирснийхээ дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремлийн ордонд уулзлаа.


Ши Жиньпинийг Кремлийн ордонд очих үед Кремлийн Комендантын алба угтан авав. В.Путин Ши Жиньпинтэй халуун дотноор гар барьж, хамтдаа зураг авхууллаа. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад-Оросын харилцаа, харилцан сонирхсон асуудлаар гүн гүнзгий, илэн далангүй санал солилцов.


Ши Жиньпин В.Путиний урилгаар ОХУ-д дахин төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа цохон тэмдэглэсний сацуу 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараа айлчилсан анхны улс Орос болж байсныг дурсаад, тэрхүү айлчлалын дурсамж өдгөө ч тодхон санагдаж байгааг онцолжээ.


Ши Жиньпин өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд В.Путинтэй нягт харилцаа холбоогоо хадгалж ирсэн хэмээгээд, Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлаар Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар, мөн хожим нь БНХАУ-ын даргаар улиран сонгогдсоны дараа баярын цахилгаан илгээсэнд В.Путинд талархаж байгаагаа илэрхийлэв.


Мөн ОХУ ирэх онд ерөнхийлөгчийн сонгуулиа явуулна гэдгийг онцлоод, В.Путиний хүчирхэг удирдлага дор Орос улсын хөгжил цэцэглэлтэд ихээхэн ахиц дэвшил гарсныг тэмдэглэлээ. Оросын ард түмэн В.Путинд тууштай дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр мөн илэрхийлсэн байна.


Хятад, Оросын харилцааг өнөөгийн түвшинд хүргэсэн түүхэн гүн гүнзгий учир шалтгаан байгааг БНХАУ-ын дарга цохон тэмдэглэв. Хятад, Орос бол харилцан бие биенийхээ хамгийн том хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хоёр улс харилцаагаа дипломат ажиллагаа, гадаад харилцааны бодлогынхоо тэргүүлэх чиглэл гэж үздэг.


Хятад улс бие даасан гадаад бодлогыг үргэлж баримталсаар ирсэн. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Оросын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятад улс өөрийн язгуур ашиг сонирхол, дэлхийн нийтлэг чиг хандлагад тулгуурлан хийсэн стратегийн сонголт юм гэв.


БНХАУ Оростой стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэх ерөнхий чиглэлийг тууштай баримталж байна гэж Ши Жиньпин хэлээд, Хятад, Орос хоёр улс үндэсний хөгжил, сэргэн мандалтын замыг тууштай баримталж, олон туйлт ертөнцийг дэмжиж, олон улсын харилцааг илүү ардчилсан болгохыг эрмэлзэнэ гэжээ.


Хоёр орон үндэсний хөгжил, сэргэн мандалтаа хурдасгахын тулд, мөн дэлхийн энх тайван, тогтвортой байдлын тулгуур болохын тулд олон салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, НҮБ зэрэг олон талт тавцан дахь уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэж тэрбээр нэмж хэллээ.


В.Путин ОХУ-д төрийн айлчлал хийж буй Ши Жиньпинтэй халуун дотноор мэндчилж, БНХАУ-ын даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэв.


Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Хятад улс хөгжлийн бүхий л салбарт гайхалтай амжилт гаргасныг В.Путин онцлоод, энэ бүхэн Ши Жиньпиний гарамгай удирдлагын үр дүн бөгөөд Хятад улсын төр, засаглалын тогтолцооны хүчирхэг байдлыг нотолж байна гэв.


В.Путин Хятад улс Ши Жиньпиний хүчирхэг удирдлага дор хөгжил цэцэглэлтийнхээ замыг үргэлжлүүлж, дэвшүүлсэн бүх агуу зорилгоо амжилттай хэрэгжүүлэх нь дамжиггүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Хоёр талын хамтын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд Орос-Хятадын харилцаа олон салбарт үр өгөөжтэй үр дүнд хүрсэн гэж В.Путин хэлээд, ОХУ хоёр талын бодит хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэг дэх харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон туйлт ертөнцийг дэмжиж, олон улсын харилцааг илүү ардчилсан болгоход бэлэн байна гэжээ.


Хоёр тал Украины асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.


Украины асуудлын тухайд Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад улс энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж байна. Ихэнх улс орон хурцадмал байдлыг намжаахыг, мөн энхийн хэлэлцээг дэмжиж, гал дээр тос нэмэхийн эсрэг байна. Зөрчил мөргөлдөөнийг эцсийн дүндээ яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх ёстой гэдгийг түүх бидэнд харуулж байна гэв.


Хятад улс Украины хямралын талаар баримталж буй байр сууриа илэрхийлсэн баримт бичгээ нийтэлж, хямралыг улс төрийн аргаар зохицуулахыг дэмжиж байгаа бөгөөд хүйтэн дайны үеийн сэтгэлгээ, дангаар хориг арга хэмжээ авахаас зайлсхийж байна гэж Ши Жиньпин хэллээ.


В.Путиний хувьд, Хятад улс олон улсын томоохон асуудлаар шударга, бодитой, тэнцвэртэй байр суурийг баримталж байгаад ОХУ талархаж байна хэмээгээд, Украины асуудлыг улс төрийн аргаар зохицуулах Хятадын талын байр суурийг анхааралтай судалж, энх тайвны төлөө яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хятад улс энэ талаар бүтээлч үүрэг гүйцэтгэхийг ОХУ сайшааж байна гэв.


Хоёр улсын төрийн тэргүүн нар мягмар гарагт албан ёсны хэлэлцээ хийж, ирэх жилүүдэд Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг зохицуулах шинэ төлөвлөгөө гаргахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ