Д.Алтанцэцэг: ГТБҮ-ийн үндсэн технологийн байгууламжуудын механик угсралтыг энэ онд эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-20 07:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр дотоодын түүхий эдэд түшиглэсэн  Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) байгуулан, нефть-химийн аж үйлдвэрийн суурийг тавьж, түлш шатахууныхаа хэрэгцээг хангахаар шийдвэрлэсний дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж байгаа. Энэтхэгийн “Engineers India Limited” компанийн боловсруулсан ТЭЗҮ-ийг 2018 онд хүлээж авснаар үйлдвэрийн нарийвчилсан төлөвлөлт, инженерчлэлийн ажлыг эхлүүж, өдгөө үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна.


Бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгаа талаар төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монгол Улсын Зөвлөх инженер, доктор Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.

 

-Үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж, эхний багц ажил дуусах дөхөж байгаа шүү дээ. Энэ хугацаанд ямар хүндрэл бэрхшээл, саад тотгор тулгарав, хэрхэн давж байна вэ?

-“ГТБҮ байгуулах” төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш тасралтгүй урагшилж, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм, үнийн өсөлт, тээвэр ложистик, хил гаальтай холбоотой үүссэн хүндрэлийг даван туулж, эдүгээ төлөвлөлт, инженерчлэлийн үеэс бүтээн байгуулалт, барилга угсралтын шатад шилжээд байна. Үйлдвэрийн байгууламж тус бүрийн төвөгшил, инженерчлэлд зарцуулах хугацааг харгалзан, бүтээн байгуулалтыг 4 багц ажил (EPC-Engineering Procurement Construction)-д хуваан хэрэгжүүлж байна. Ямартай ч хамгийн их цаг хугацаа, хүчин чармайлт, нарийн мэргэжлийн маш олон инженер мэргэжилтний оролцоо, оюун ухаан шаардсан төлөвлөлт бүхий инженерчлэлийн үе шат дууссанд баяртай байна.


Ер нь аж үйлдвэр, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслийг цогцоор нь хэрэгжүүлэхэд техник технологи, инженерчлэл, зураг төсөл, гэрээ эрх зүй, санхүү, эдийн засаг, менежмент, гадаад харилцааны бүхий л баримт бичгийг боловсруулах, гэрээ хэлэлцээ, төрөл бүрийн тооцоо судалгаа хийх, тактик, стратеги боловсруулах, цаг үеэ олсон зөв шийдвэр гаргах шаардлагатай болдог юм байна. Техник технологи, эдийн засгийн хамгийн зөв шийдлийг олох томоохон сорилтуудтай өдөр бүр тулгарч ирлээ. Өөр хоорондоо уялдаа холбоотой, олон салбар дамнасан энэ ажилд гадаад дотоодын олон зуу, мянган хүн, манай хамт олон ч ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Төсөлд БНЭУ, АНУ, Герман, Итали, Франц, Голланд, БНХАУ, Испани зэрэг орны компаниуд оролцож байгаа. Манай Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан, УИХ-ын соёрхон баталсан Зээлийн ерөнхий хэлэлцээрт барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчдийг Энэтхэгт бүртгэлтэй компаниудаас сонгохоор заасан байдаг.


Үйлдвэрийн бүтээн байгуулалтын эхний багц ажил болох оффис-сургалтын төв, эмнэлэг, гал команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний 9 барилга, 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, түүнийг дагасан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг технологийн бус барилга байгууламжуудын (EPC 01) барилга угсралтыг Энэтхэгийн "JMC Projects india" компани 2021 онд  эхлүүлж, энэ зун ашиглалтад хүлээлгэн өгнө.


Харин EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер, вакуум нэрлэгийн, ханасан хий ялгах, хэрэглээний, дагалдах гэсэн бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг үндсэн технологийн, дагалдах, туслах олон төрлийн байгууламж барина. EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай ДЦС станц барина. Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure" компани шалгарч, 2022 оны 10 дугаар сард гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Одоогоор тус компани Монголд төлөөлөгчийн газраа байгуулж, геотехникийн судалгаагаа дуусган, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн нийлүүлэгч, бүх төрлийн туслан гүйцэтгэгчээ сонгох, үйлдвэрийн талбайд бараа материал, хүн хүч татах ажлаа хийж байна. Тоног төхөөрөмжийг өөрсдийн заводдоо үйлдвэрлэнэ. Бидний санал болгосноор цаг хугацаа, зардал хэмнэх үүднээс хэт том оврын, тээвэрлэхэд хүндрэлтэй зарим тоног төхөөрөмжийн эд анги, ган хийцийг Монголд үйлдвэрлэж угсрах юм. Гүйцэтгэгч компани манай улсад үйлдвэрээ оруулж ирж, боловсруулах үйлдвэрийн эд анги, шугам хоолойг энд үйлдвэрлэвэл бидний хувьд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн том туршлага болох төдийгүй эдийн засгийн хувьд ч ашигтай байх болно.


-Лицензтэй технологийн байгууламж буюу сүүлийн багц ажлын тендерийг зарласан. Хэзээ шалгаруулах вэ?

-ГТБҮ нь гадаадын газрын тос, байгалийн хийн салбарын технологи эзэмшигчдийн патенттай, гүн боловсруулалтын 7 байгууламжтай байх юм. Эдгээр байгууламжийн инженерчлэл, барилга угсралтын ажил EPC 04 багцад багтаж байгаа. ГТБҮ маань дэлхийн бусад үйлдвэртэй харьцуулахад хүчин чадал бага учраас тус салбарын лиценз эзэмшигч томоохон корпорациуд цаг хугацаа шаардсан, үр ашиг багатай энэ ажилд оролцох сонирхол дулимаг байсан нь нэлээн бэрхшээл дагуулсан. Тэдгээрийг патентгүй барих боломжгүй. Гэсэн ч төслийн менежментийн зөвлөх Энэтхэгийн "Engineers India Limited" компанитай хамтран эдгээр корпорацитай олон удаа яриа хэлэлцээ хийснээр 2022 онд лиценз эзэмшигчдээ шалгаруулж гэрээ байгуулсан. Устөрөгчийн үйлдвэрийг Италийн "Kinetics Technology", Хүхэр ялгах байгууламжийг Францын "Axens", Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидро цэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжийг АНУ-ын "UOP honeywell", Висбрекингийн байгууламжийг Голландын "Shell" компанийн лицензээр барина. Эдгээр компани өөрсдийн байгууламжийнхаа ерөнхий зураг төсөл, инженерчлэлийн багцыг (Basic Design Engineering Package) боловсруулж дуусгалаа. Зураг төслүүдийн дагуу гүн боловсруулалтын 7 байгууламжийг барих ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг саяхан хүлээн авч, үнэлгээ хийж байна.


Ер нь гадаадын компаниудын хувьд Монгол Улс аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд өндөр эрсдэлтэй, хүнд нөхцөлтэй оронд тооцогддог. Учир нь газар зүйн хувьд алслагдмал, бүтээн байгуулалтад шаардлагатай техник тоног төхөөрөмж, түүний эд ангийг үйлдвэрлэгддэггүй, тээвэрлэлт бэрхшээлтэй, нарийн мэргэжлийн боловсон хүчин, мэдлэг туршлага дутмаг, барилгын улирал богино зэрэг нь гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулах тендерийн үнэ өсгөх шалтгаан болдог.


-Төсөл хэрэгжүүлэх явцад цар тахлын хүнд үе таарсан шүү дээ. Бүтээн байгуулалтад үнийн өсөлт хэр нөлөөлж байгаа бол?

-Цар тахлаас үүдэн дэлхий дахинд бүх төрлийн бараа, ажил үйлчилгээний үнэ өссөн нь дэлхий дахинд хүндээр туссан. Гэсэн ч бид тендерт оролцогчдоос ирүүлсэн үнийн саналыг бууруулахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан, олон янзын арга хэмжээ авснаар үнийг хүлээн зөвшөөрөхүйц хэмжээнд багасган, гэрээ байгуулж, ажил урагштай явж байна. Анх Зээлийн ерөнхий хэлэлцээрт үйлдвэрт шаардлагатай бараа, ажил үйлчилгээний 75-аас дээш хувийг Энэтхэгээс импортлохоор заасан. Бид боломжтой тоног төхөөрөмж, бараа материалыг аль болох Монголоос, хөрш зэргэлдээ орноос нийлүүлж, хөрөнгө оруулалтын зардлыг багасгах санал тавьсныг Энэтхэгийн Засгийн газар зөвшөөрч, манай төсөлд зориулаад, Зээлийн хэлэлцээрийн журмыг тусгайлан өөрчилж, хувь хэмжээг 50 болгож бууруулсан. Үүнд Монгол, Энэтхэгийн төр засгийн байгууллагууд дэмжиж ирснийг дурдах нь зүйтэй. Энэ ташрамд, манай төслийг бүхий л талаар дэмжиж, тулгамдсан асуудлыг шуурхай шийддэг БНЭУ-ын Засгийн газар, Экспорт-Импортын банканд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.


-ГТБҮ жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай шүү дээ. Үйлдвэрийн технологи болон хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах талаар ярина уу?

-Үйлдвэр технологийн үндсэн 12 байгууламжаас бүрдэнэ. Гүн боловсруулалтын буюу хоёрдогч технологийн байгууламжаар гидрокрекинг технологийг сонгосон. Жилд 1.5 сая тн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан, өндөр чанарын түлш шатахуун, тэр дундаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дизель түлхүү үйлдвэрлэнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.8 сая орчим тн тос боловсруулж чадна.

Бид нэн түрүүнд түлш шатахуун, мөн 95 октантай автобензин, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Ямартай ч ГТБҮ барих нь том ажил. Цааш цаашдаа нефть-химийн, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь нь болно шүү дээ. 


-БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолт явуулж буй газрын тосны Тосон-Уул XIX, Тамсаг XXI ордоос үйлдвэрийн түүхий эдийг хангана гэж байсан.  Түүхий тос дамжуулах хоолойн ажил хэр үргэлжилж байгаа вэ?

-Түүхий эдийг тээвэрлэх дамжуулах 530 км хоолойн бүтээн байгуулалтыг Хятадын "Norinco International" компани гүйцэтгэж байна. Дамжуулах хоолойг 2025 оны эхний улиралд багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн. Одоогоор хоолойн байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа, түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлыг дуусган техникийн зураг төсөл (FEED), түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамжийн байгууламж барьж байна.


-Үйлдвэрийг ажиллуулах боловсон хүчний нөөцөө хэрхэн бэлдэж байгаа вэ. Үйлдвэрийг зүгшрүүлэхэд гадаадын мэргэжилтнүүд хэр удаан ажиллах бол?

-Үйлдвэр барихад боловсон хүчин, мэдлэг, туршлага дутаж байгаа ч манай компанийн инженер, мэргэжилтнүүд сараас сард, жилээс жилд өсөн хөгжиж байна. Мэдэхгүйгээ богино хугацаанд ойлгохын төлөө, мэдлэг туршлагатай хүмүүсээс ихийг сурч, тэдний түвшинд очих зорилгодоо хүрэхийн тулд зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгааг харахад баяртай байдаг. Үйлдвэр ашиглалтад ороход 550 орчим инженер, техникийн ажилтан шаардлагатай. Нарийн мэргэжлийн 300 орчим инженерийг ойрын хугацаанд бага зардлаар бэлтгэхээр ШУТИС-д “ГТБҮ-ийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, тэтгэлэгт хөтөлбөр зарлаж эхний элсэлтээ аваад байгаа. Боловсон хүчний нөөц бэлтгэхэд Энэтхэгийн Засгийн газар онцгой анхаарч, дэмждэг.


ГТБҮ нь онцгой төвөгшилтэй, тэсэрч дэлбэрэх нүүрс устөрөгчийн орчинд явагддаг тул үйлдвэрийг ашиглалтад оруулсан эхний жилүүдэд олон жил ажилласан туршлагатай гадаадын мэргэжилтэн, инженерийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай. Монгол инженерүүд бие даан ажиллах чадвар эзэмшсэнээр гадаад ажиллагсдын тоог үе шаттай багасгана. Энэтхэгийн төр засгийн байгууллагууд үйлдвэр ашиглалтад орох хугацаа ойртож байгаад анхаарч, саяхан энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар “Индиан ойл” компанийн захиралтай уулзуулсан. Ирэх оноос хүмүүсээ тус компанийн үйлдвэрүүдэд дадлага хийлгэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байна. 


-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор манай нийгэм, эдийн засагт ямар үр ашиг авчрахыг товчоор дүгнэвэл?

-Манай улсад ГТБҮ-ийн шинэ салбар бий болсноор улсын төсөвт дорвитой хувь нэмэр оруулж, макро эдийн засагт нөлөөлөхүйц эерэг үр нөлөө авчирна. Эдийн засгийн бие даасан байдалд онцгой ач холбогдолтой энэ үйлдвэр байгуулагдсанаар ажлын байр олноор бий болж, говийн бүсэд шинэ аж үйлдвэрийн суурь тавигдах юм. Шинэ салбарын техник технологийг дагаад бусад аж үйлдвэр хөгжих жамтай. Ер нь нэг бүтээн байгуулалт нөгөө бүтээн байгуулалтаа дагуулдгийн жишээ нь манай үйлдвэр. Тиймдээ ч олон жил ярьсан Сайншандын Аж үйлдвэрийн парк хөгжих бодит нөхцөл бүрдүүлж, үйлдвэрт зориулсан, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам баригдахад түлхэх хүч нь болсон гэж боддог. 


-Сайншандад баригдаж буй орон сууцны хотхоны талаар тодруулна уу?

-ГТБҮ-ийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийж байгааг дээр дурдсан. Бидний гүйцэтгэж буй, өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой бүхий л ажил богино, дунд, урт хугацааны стратеги, төлөвлөгөөтэй, цаг хугацаа, орон зай, санхүү, гэрээ эрх зүй гээд логик дэс дараалалтай явж байгаа. Сайншандад барьж буй “ГТБҮ-ийн хотхон” ч мөн зайлшгүй хэрэгцээ шаардлагад үндэслэсэн, цаагуураа эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтойг ойлгох хэрэгтэй. Энэ нь үйлдвэрийн барилга угсралтын үед орон нутагт очиж ажиллах гадаад, дотоодын гэрээлэгчдэд бага зардлаар амьдрах нөхцөл бий болгох замаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардлыг бууруулах, нөгөө талаас ирээдүйн ажиллагсдыг орон сууцаар хангаж, нийгмийн асуудлыг шийдэх зорилготой юм. Хотхоны Хөгжлийн банкнаас олгох санхүүжилт саатсаныг эс тооцвол бүтээн байгуулалт харьцангуй хурдан өрнөж, эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулж, гадаадын гэрээлэгчид амьдарч байгаа.


-Та саяхан Энэтхэг Улсад томилолтоор ажиллаад ирсэн шүү дээ. Энэ удаад ямар ажил амжуулсан бэ?

-БНЭУ-ын ГХЯ, Экспорт-Импорт банк, Төслийн менежментийн зөвлөх компани болон EPC 02 ба 03 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч "Megha Engineering Limited" компанитай ажлын уулзалт хийж, төлөвлөгөөнүүдээ батлах, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн яамнаас зохион байгуулсан “Эрчим хүчний үзэсгэлэн, хурал зөвлөгөөн”-д оролцон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчидтэй уулзаж, EPC 04 багц ажлын тендерт чадвартай компаниудыг оролцуулах ажлыг зохион байгуулах зэрэг ажил амжууллаа. Мөн Энэтхэгийн ГТБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, төрийн өмчит "Indian Oil", "ONGC" компанийн удирдлагуудтай уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Энэтхэгийн албаны хүмүүс төвөгшил их, нарийн технологийн хүнд үйлдвэр барихад ихээхэн хүч чармайлт, цаг хугацаа шаарддагийг дурдаад, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болсон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлснийг сонсоход таатай байсаан. Манай төсөл Монгол, Энэтхэгийн ард түмний эртнээс улбаатай соёл, оюун санааны найрамдалт харилцааг олон жилийн дараа техник, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ шатанд гаргасан гэж боддог.


“Монгол ГТБҮ” ТӨХХК-ийн хамт олон Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, цаашилбал улс орны эрчим хүчний бие даасан байдалд ач холбогдолтой үндэсний томоохон төслийг хэрэгжүүлэхээр санаа зорилго нэгдэн, хүч чадлаа дайчлан ажилласаар 5 жил гаруй болж байна. Бид эхэлсэн ажлаа дуусгаж, Монголын ард түмэн, төр засгаас хүлээлгэсэн итгэл найдварыг биелүүлэх цаг ойртсоор л байна даа. 

Холбоотой мэдээ