ХОВД: "Би эх орны хүү" өдөрлөгт 80 орчим сурагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-15 17:00:24

Жаргалант /МОНЦАМЭ/.  Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг өсвөр үеийн залуучуудад сурталчлах, бие дааж амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой "Би эх орны хүү" өдөрлөг өнөөдөр зохион байгуулж дууслаа.

Энэхүү өдөрлөгт Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 орчим сурагч оролцов. Улмаар тэд гурван хэсэгт хуваагдан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, цэргүүдийн амьдарч буй байр, орчин нөхцөл, сургалт мэдээллийн төв, алдрын танхим, зэвсэг техник зэргийг үзэж сонирхлоо.   

Монголын баруун хязгаарт эх орны хувь заяаг шийдвэрлэсэн олон чухал байлдаан, тулалдаан болж байсан. Үүний нэг нь 1921 онд Ховд хотыг цагаантнуудаас чөлөөлсөн Хатанбаатар Магсаржавын удирдсан байлдааны ажиллагаа байлаа.  

Дараа нь тулалдаанд оролцсон Хатанбаатарын цэргүүдээс улсын баруун хил хязгаарыг сэргийлэн хамгаалах үүрэгтэйгээр 300 цэргийг Ховд хотод үлдээж, улмаар Цэргийн хэргийг эрхлэх яамны сайдын 1922 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 274 дүгээр тушаалаар морьт хороо болгон өргөтгөж, Ховд аймагт байршуулснаар одоогийн Зэвсэгт хүчний 123 дугаар анги анх байгуулагдсан түүхтэй.  


Ийнхүү 100 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй тус анги бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний салбартаа "Ховдын хороо" хэмээх нэрээр алдаршсан гэж өдөрлөгийн үеэр мэргэжилтнүүд танилцууллаа.    


"Би эх орны хүү" өдөрлөгийн хүрээнд сурагчдаас гадна цэргийн алба хааж буй залуусын төлөөллийг богино хугацааны сургалтанд хамруулж, стресс менежмент, харилцаа хандлагын талаар мэдээлэл, зөвлөмж хүргэв. Дээрх үйл ажиллагааг цаашид уламжлан болгон зохион байгуулж, өсвөр үе, залуучуудын эх орон, тусгаар тогтнолоо хайрлан хамгаалах сэтгэлгээг хөгжүүлэх санал санаачлагыг оролцогчид гаргасан юм. 

Холбоотой мэдээ