ДУНДГОВЬ: “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор дэлхийн мөнгөний долоо хоног эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-15 11:39:25
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аяны нээлтийн үйл ажиллагаа энэ долоо хоногт Мандалговь хотноо болж, “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ  бүтээцгээе” уриан дор хэрэгжиж эхэллээ.

Монголбанкнаас төрийн болон ТББ,  аж ахуйн нэгжүүдтэй хамтран тус аяныг иргэд, хүүхэд залуучуудад санхүүгийн зөв, ухаалаг шийдвэр гаргахад нь туслах зорилгоор орон даяар гуравдугаар сарын 13-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.



Тус аяныг Олон улсын Хөгжлийн хамтын ажилллагааны байгууллага (ОЕCD)-аас санаачлан хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор 11 дэх жилдээ ийнхүү зохион байгуулж, нийгэм эдийн засгийн хүнд байдал, байгаль орчны доройтлын эсрэг хувь хүн бүрийг ухаалаг, зохистой хэрэглээнд уриалж байгаа ажээ.

Тус аяныг Монголбанкнаас санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Монголын банкны холбоо,  ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкууд хамтран хэрэгжүүлдэг.

Аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, хэлсэн үгэндээ “Хүүхэд залуучуудад санхүүгийн боловсрол мэдлэгийг багаас нь ийнхүү олгож  байгаа нь тэдэнд мөнгөний үнэ цэнийг ойлгуулж, санхүү, эдийн засгаа зөв удирдах мэдлэг олгох, улмаар ирээдүйд гэр бүл болон нийгэмдээ эерэгээр нөлөөлдөг болох ач холбогдолтой” гэлээ.



Энэ үеэр Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны ХААН, ХАС, Төрийн банкууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, оролцогчдод “Би зорилготой хадгаламжтай”, “Хүүхдийн ирээдүй-хадгаламж”, “Даатгагдсан хадгаламж, хамгаалагдсан хуримтлал”, “Хүсэл мөрөөдөл хадгалахаас эхэлдэг” зэргээр хуримтлал бий болгохыг уриалсан байна.

Аяны хугацаанд Банк санхүүгийн байгууллага, хүүхэд залуучууд, орон нутгийн иргэд, төрийн байгууллагууд, Политехник коллеж, Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид, багш нарт санхүүгийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулахаар төлөвлөжээ. 



Холбоотой мэдээ