Хуучин хувцсыг дахин загварчилж ашигласнаар хүлэмжийн хийн ялгаралтыг 20 хувиар бууруулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-03-06 13:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд хувцас үйлдвэрлэлд даавууг өнгө будганд оруулах явцад хүлэмжийн хийг гурван хувиар ялгаруулж, усыг 20 хувиар бохирдуулдаг байна. Нэг кг даавууг боловсруулан үйлдвэрлэхэд 20.000 литр ус, нэг цамц хийхэд 2700 литр ус, нэг удаа угаахад 50-60 литр ус шаарддаг. Энэ нь нэг хүн 900 хоног уух хангалттай усны хэмжээ юм.

Тиймээс хүмүүс өөрт байгаа хувцас болон бусад оёмол, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүнээ хаялгүй дахин ашиглах боломжтой. Хуучин хувцсыг дахин загварчилж ашигласнаар хүлэмжийн хийн ялгаралтыг 20 хувиар бууруулдаг байна. Ингэснээр байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, эерэг байж чадна. Ийм үйл ажиллагааг дэмжин уриалсан танилцуулах "Upcycle for Your women^s day-Upcycling drafts event" өдөрлөг өнөөдөр ХААН банканд "Өөрт байгаа хувцас болон эд зүйлсээ дахин ашиглаж, байгаль эхээ баярлуулъя” уриан дор боллоо.


Үйл ажиллагааг Монголын Зүймэл урлалын төвөөс санаачлан Нийслэлийн Бизнес инновацын газар хамтран зохион байгуулж байна. Энд Европын холбооноос Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч, Элчин сайд хатагтай Аксель Никэйз, мөн Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар оролцлоо.


Элчин сайд Себастиан Сүрүн хэлэхдээ, Монголд экологийн энэхүү үйл ажиллагааг эхлүүлэн түгээн дэлгэрүүлж байгаль орчинд эергээр нөлөөлж буй “Зүймэл урлалын төв”-тэй хамтран ажиллаж ирсэндээ талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр, хувцсыг хог хаягдал болохгүйгээр дахин ашиглаж буй энэ үйл ажиллагаа нь хүүхэд залуучуудыг оёдолд сургах, ахмадууд болон ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, орчиндоо эерэг хандах зэргээр нийгэмд олон талаар нөлөөлж буйг онцоллоо.


Монголын Зүймэл урлалын төв, “Шинэ замнал” ТББ-ын тэргүүн Ц.Сэлэнгэ хэлэхдээ, "Бид өнөөдөр загвар зохион бүтээгч нартай хамтран хог хаягдлыг апсайкл урлалтай холбож байгаль орчинд нөлөөлөх сөрөг байдлыг бууруулж, оёдлын сургалт зохион байгуулж, хуучин хувцсыг дахин загварчлан хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, коллекцийн эвент үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай үйл ажиллагаа 4 өдөр үргэлжилж байгаа. Өнөөдрийн үзэсгэлэнгийн тухайд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан хуучин хувцсыг дахин загварчилж бүтээсэн бүтээлүүдийг танилцуулж байна" гэв.


Түүнээс иргэд эдэлсэн хувцас болон бусад оёмол, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүн, шилэн лонх, тавилга, унадаг дугуй зэрэг эд зүйлсээ хаялгүй, яаж дахин боловсруулж ашиглах боломжийн талаар тодруулахад, хуучин хувцаснуудаа задалж, зүймлээр оёж өөрийн хүссэнээр “шинэ” болгох, эд хогшлыг засварласнаар дахин ашиглах боломжтойг хэллээ.


Ийм боломж байхад хүмүүс хуучин хувцас, эдлэлээ хогийн цэгт хаях юм уу шатаадаг. Энэ нь метан ялгаруулж, задрах явцдаа хуванцар болон химийн бодисоор агаар мандлаас эхлээд хөрс, ус гээд байгаль орчныг бохирдуулдаг. Тиймээс хог хаягдлыг бууруулж, дахин ашиглах нь хүрээлэн буй орчныг хамгаалахад оруулж буй иргэн хүний хувь нэмэр юм гэдгийг онцоллоо. Энэ нь нөөцийг хэмнэх, үйлдвэрлэлийн зардал болон хог хаягдлыг бууруулах, дахин ашиглалтаар бизнес хийх, хүүхэд, залуучуудыг байгаль дэлхийгээ хайрлахыг ойлгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн олон ач холбогдолтой гэв.


Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ