Испани Украинд нийлүүлэх танкны тоогоо нэмэгдүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-02-24 11:54:04

МАДРИД. /Reuters/. Испанийн Ерөнхий сайд Педро Санчез Украины нийслэл Киев хотод пүрэв гарагт айлчлах үеэрээ тус улсад нийлүүлэх “Leopard 2A4” танкны тоог нэмэгдүүлж, 10 болгож магадгүй гэж мэдэгджээ.


Германд үйлдвэрлэсэн хуягт техникүүд нь Испанийн нөөцөд байгаа 50 гаруй “2А4” танкны нэг хэсэг бөгөөд засвар шинэчлэлт шаардлагатай байна.


“Батлан хамгаалахын сайд өчигдөр парламентад хандан хэлсэнчлэн бид зургаан “Leopard 2A4” танкийг Украин руу илгээнэ. Түүнчлэн ойрын үед 10 болгон нэмэгдүүлэх эсэхийг судална” гэж П.Санчез Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлжээ. 


П.Санчез 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Украинд хоёр дахь удаагаа айлчилж буй юм. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар мөн Киевт айлчилсан билээ.


Энэ оны эхээр Украины эрх баригчид Оросын давшилтыг зогсооход туслах орчин үеийн байлдааны танкуудыг илгээхийг уриалж, Герман, Польш, Португал зэрэг НАТО-гийн гишүүн орнууд “Leopard 2” танк 48-ыг нийлүүлэхээ амлаад байгаа юм. 


В.Зеленский мөн байлдааны нисэх онгоц нийлүүлэхийг хүссэн гэдгийг П.Санчез дурдсан ч энэ нь НАТО болон Европын  түншүүдтэйгээ хэлэлцэх асуудал гэдгийг онцолсон байна. 

Холбоотой мэдээ