Д.Белькевич: Монголд Пржевальскийн адуу үзэхээс эхлээд гайхамшигтай зүйл олон байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас зарлаад буй “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол-Оросын аялал жуулчлалын тур оператор компаниудын форум, нүүр тулсан уулзалтууд Улаанбаатар хотноо 3 өдөр үргэлжиллээ.
Форумын хүрээнд ОХУ-ын 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч сурвалжлагч нар ирж манай улсыг сурвалжлаад байна. Тэдний нэг Новосибирск мужийн телевизийн СТС сувгийн сурвалжлагч сэтгүүлч Дмитрий Белькевичтэй уулзлаа.
Тэрбээр, Монгол-Оросын аялал жуулчлалын тур операторын форумын хүрээнд ГХЯ-нд өчигдөр болсон Монгол-Оросын сэтгүүлчдийн уулзалтын үеэр бидэнд Монголд ирсэн сэтгэгдлээ хуваалцсан юм. Оросын сэтгүүлч хэлэхдээ, бид Монголын сайхан оронд богино хугацаанд ирсэндээ харамсаж байна. Учир нь танай оронд үзэх юм ихтэй, түүх, өв соёлын өлгий, гайхамшигтай орон гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ гурван өдөрт бид амжиж Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт очсон. Пржевальскийн адуу гэгдэх тахийн сүргийг үзсэн минь үнэхээр гайхамшигтай. Үүнийг зөвхөн онгон байгаль дээр нь Монгол оронд л үзэх боломжтой гэж сонсож байснаа нүдээрээ үзэж харлаа. Эртний, адууны энэ өв, түүний түүх нь Оросын их аялагч, судлаач Н.Пржевальскийгаас үүдэлтэй тул зөвхөн монголчууд төдийгүй, оросууд бид сайн мэдэж байх учиртай гэсэн юм.
Тодруулахад, тахийг
монгол адууны дээд өвөг гэж үздэг бөгөөд 1883
онд Төв Азийг судлаач, Оросын аялагч Николай Пржевальский Булган
голоос Борхөл орох замдаа хоёр хэсэг зэрлэг адуу явахыг анх харсны дараа,
тэрхүү зэрлэг адууны арьс, гавлын ясыг хээрээс олж Оросын зоологич И.С.Поляковт
өгч шинжлүүлж байжээ.
Тэрээр 22 зүйлийн битүү туурайтан амьтантай харьцуулж үзээд шинэ өөр төрөл
болохыг тогтоосон юм. Ингэснээр тахийг дэлхийн биологийн шинжлэх ухаанд
Пржевальскийн адуу хэмээн
бүртгэсэн түүхтэй.