ХОВД: Сумдад гэмт хэргээс сэргийлэх ажлыг сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-08 10:19:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл сумдын салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, иргэдийг мэдээллээр хангах ажлаа Цэцэг сумаас эхэллээ.


Тус салбар зөвлөлийн ажлын багийг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ахалж байгаа бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгуулагын ажилтан, алба хаагчид ажлын багийн бүрэлдэхүүнд багтсан байна.


Улмаар Цэцэг сумын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж, 2023 оны ажлын төлөвлөгөө боловсруулах арга аргачлал, зөвлөмж мэдээллийг түгээлээ.


Уул уурхайг түшиглэсэн Цэцэг сумын тухайд сүүлийн жилүүдэд  гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.  Тэр дундаа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг,  хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гарч байгаа нь нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 80 гаруй хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.


Иймээс сумын хэмжээнд энэ чиглэлд анхаарч, орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэх, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэхийг зөвлөлөө.


Түүнчлэн ажлын багийн бүрэлдэхүүн Цэцэг сумын иргэдтэй уулзаж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд зохион байгуулж буй ажил арга хэмжээ, холбогдох хууль журам, шийдвэрлэлт,  цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл зөвлөмж өгөв.


Мөн залилах, хулгайлах гэмт хэрэг,  архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослоос сэргийлэх чиглэлээр 70 гаруй хүнд 350-аад гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллалаа.


Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын багийнхан үргэлжлүүлэн Зэрэг, Дарви суманд ажиллахаар төлөвлөөд байна.



Холбоотой мэдээ