Орон нутгийнхан Туркт бизнесийн боломжуудтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-02-07 10:12:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгийн бизнес эрхлэгч нар дэлхийн хөдөө аж ахуйн ололт, амжилттай танилцлаа.


Турк улсын Измир хотноо өнгөрсөн 7 хоногт болсон Европын хөдөө аж ахуй, мал аж ахуйн томоохон үзэсгэлэнгийн нэг “Агро Экспо-2023”-д Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгч нар оролцож механикжуулалт, сэргээгдэх эрчим хүч, ХАА-н тоног төхөөрөмж, технологи, мал аж ахуй болон бусад салбарын бизнесийн боломжтой танилцлаа. Олон улсын үзэсгэлэнд оролцох хүсэлтийг Өмнөговь аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн салбар танхим МҮХАҮТ-д тавьснаар ийнхүү бизнес аяллыг зохион байгуулжээ.


Энэ сарын 1-5-нд болсон “Агро Экспо-2023”-д Канад, Швед, Энэтхэг, Дани, АНУ, Англи, Герман, Хятад, Палестин, Финланд, Франц зэрэг орноос салбарын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж оролцсон нь үзэсгэлэнгийн цар хүрээг тэлжээ. Дэлхийн 90 орны 3042 брэнд төлөөлөгч, нийт 357 мянга гаруй зочин оролцсон нь дээд амжилт тогтоож, Ази, Европ, Америк тивүүдийн ХАА, мал аж ахуй эрхлэгчдийг нэгтгэжээ. 

Холбоотой мэдээ