Ганга нуурыг сэргээх төслийн баг байгуулах талаар санал нэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-30 17:06:41

Дарьганга нутагт зохион байгуулагддаг “Ганга нуурын чуулган-2016” чуулганы нэгэн гол чухал зорилт нь Дарьганга сумын төдийгүй Сүхбаатар аймгийн нэрийн хуудас болсон Ганга нуурыг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэлээ.

Ганга нуур хуурай сайр болон ширгэсэн нь хийж буй ажлаа эрчимжүүлэх, арга хэмжээгээ өргөжүүлэн бодит үр дүнтэй ажил болгохыг сануулж байна. Тиймээс ч “Ганга нуурын чуулган”-ны хүрээнд “Ганга нуурын дуудлага” хэлэлцүүлгийг эхний өдөр эрдэмтэн судлаачид, аймаг орон нутгийн удирдлага, нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав, Ч.Хурц, Ү.Хүрэлбаатар, Г.Мэнд-Ооёо, эрдэмтэн Г.Аким, Энхсайхан, Нэргүй, Шүхэрт нар болон Дарьганга, Онгон сумдын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн удирдлага, Аймгийн Засаг дарга, Тамгын газрын удирдлага, нутгийн иргэд оролцлоо.

Мэргэжлийн хүмүүс Ганга нуур ширгэхэд нуур захаасаа 150 метр газарт 70-80 см зузаан хурмал элсэнд дарагдсан, салхитай өдрийн тоо ихэссэн буюу элсний нүүлт, ууршилт ихээр явагдсан, хүний үйл ажиллагаа буюу нуурын ойролцоо нутагладаг 40 орчим айлын 20 гаруй мянган мал бэлчээрлэдэг, байгаль цаг уурын дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, цасан ба шороон шуурганы улмаас нуур малын сэг зэм болон элсээр дарагдаж эхэлсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Ганга нуур зөвхөн Дарьганга сум, Сүхбаатар аймгийн бус Монгол Улсын анхаарвал зохих асуудал юм гэдгийг дуу нэгтэйгээр онцолж, сумын удирдлага, тусгай хамгаалалтын захиргаа, нутгийн иргэд нуураа хамгаалах талаар санаачилгатай ажиллахгүй байна гэдгийг олон хүн шүүмжилж байсан юм.

Хэлэлцүүлгийн төгсгөлд эрдэмтдийн тусгайлсан баг бүрдүүлж, нуурын ус ширгэх болсон шалтгаан нөхцөл, сэргээх аргыг шинжлэх ухаанч байдлаар тодорхойлж, өмнө хийсэн судалгаа шинжилгээний олон материалыг нэгтгэн нэг зорилго чиглэл бүхий төслийн багийг байгуулж  төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд орон нутаг, иргэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ