Францын аяллын хөтөч "Petit Futé" цувралын Монголын тухай ном шинэчлэгдэн хэвлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жилээр зарласан 2023 он эхэлж буйтай давхцан Францын аялал жуулчлалын хамгийн том аяллын хөтөч Petit Futé цувралын Монгол орны тухай ном шинэчлэгдэн хэвлэгдэж, аялал жуулчлал эрхлэгчид, уншигч аялагчдын гарт очиж байна.
Өнгөрсөн оны 7 сард Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Petit Futé” хэвлэлийн газрын олон улсын бизнес хөгжүүлэлтийн менежер Оксана Маринжтай уулзаж, аялал жуулчлалын сурталчилгаа, хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцож, улмаар шинэ хэвлэлтийг бэлтгэх төлөөлөгчдийн ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ.
Шинэчлэгдсэн хөтөч ном давхар цахим хувилбартай гарснаараа онцлог болсон байна. Уг номд Монгол орны түүх соёл, байгаль цаг уур, газар нутаг бүс бүрийн онцлогийг дэлгэрэнгүй танилцуулсны сацуу жилийн аль улиралд аялж юу үзэж танилцах, жуулчдын үйлчилгээ, зочид буудал, үнэ ханшийг сар сараар ялган харуулжээ.
Франц болон франц хэлтэн орнуудад хамгийн сайн борлуулалттай, олон улсын аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнгүүдэд тараагддаг, түүнчлэн Францад топ 10 сайтад багтдаг Petit Futé хөтөч номын Монгол орныг танилцуулсан хэвлэлт гарсны 20 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд энэ удаагийн шинэчилсэн хэвлэлт 2023-2025 оны дугаарыг зохиогч, маркетингийн хүмүүс 7-9 сард Монгол Улсад ажилласан юм.