ДУНДГОВЬ: 2022 онд Дундговь аймагт хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-03 17:44:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2022 онд Дундговь аймагт хөгжлийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлжээ. Улсын төсвийн 20,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 33 төсөл хэрэгжсэн байна.

Тодруулбал, аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээний барилга байгууламжийг барьж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Олон улсын стандартад нийцсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилга, 1341 м.кв талбай бүхий Ахмадын ордон барьж, улсын комисс хүлээн авчээ.

Эрдэнэдалай, Өлзийт сумын Соёлын төвийн барилга барьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол Цагаандэлгэр сумын Соёлын төвийн барилгын ажил 75,0 хувь, Дэлгэрцогт сумын Соёлын төвийн барилгын ажил 80,0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хэрэгжсэн Сайнцагаан сумын 100 ортой Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 96,0 хувь, 4,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Сайхан-Овоо суманд хэрэгжсэн сургуулийн барилгын ажлын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба тун удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ.

Түүнчлэн Сайнцагаан сумын 2 сургууль, нэг цэцэрлэгийг шинээр барихаар сонгон шалгаруулалт явуулж, ажлын гэрээ байгуулсан.

Тус аймгийн Сайнцагаан суманд 20 Гкал/ц хүчин чадал бүхий Дулааны станцын суурийн ажил өнгөрсөн онд эхэлж, 2024 он гэхэд аймгийн төвийн орон сууцнууд дулаан хангамжид холбогдох ажээ.

Мөн 1000 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор 12,840 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа ба мөн 2024 онд ашиглалтад орох юм.

Дундговь аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдтэй харьцуулахад 2022 онд цэвэрлэх байгууламжаа шинэчилсэн, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөгжих орчин бүрдсэн, соёлын төвүүд шинэчлэгдсэн, дулааны цахилгаан станц, усан бассейн барьж эхэлсэн хамгийн үр ашигтай, үр өгөөжтэй хөгжлийн төслүүд хэрэгжсэн онцлог жил байсныг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат онцоллоо. 

Холбоотой мэдээ