ДУНДГОВЬ: Хүүхдүүд мэдлэг, авьяас чадвараараа “шидэт дохиур” цуглуулж, Шинэ жилийн баяраа тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-30 09:45:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Он солигдох мөч ойртож, хүн бүр, байгууллага бүр Шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа энэ мөчид нэгэн шинэ жил онцгой байсныг сурвалжиллаа.

Хуучин он улирч, шинэ он гарах мөч буюу 12 дугаар сарын дундаас эхлэн Дундговьд шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэн. Өвлийн өвгөн, Санта өвөө цасан охид, ан амьтдаа дагуулан айлчлан ирж, баярын концерт үзэж, бүжиглэж, тухайн жилдээ амжилт гаргасан хүмүүсийг шагнаж, өвлийн өвгөн цөөн хэдэн хүнд бэлэг тарааж тэмдэглэдэг байдал бараг л уламжлал болж, энэ л загвараар бид баяраа тэмдэглэдэг.

Тэгвэл энэ жил оролцсон хүүхэд бүр хуванцар сав, өөхөн тос, шил зэрэг дахин боловруулдаг бүтээгдэхүүн авч ирэн шинэ жилд орох эрхээ авч, өөрсдийн мэдлэг, авьяас чадвараа үнэлүүлэн, “шидэт дохиур” цуглуулж хүссэн амттан, ном худалдан авч, хөгжилдсөн нэгэн өвөрмөц шинэ жил анх удаа Мандалговь хотноо болсон юм.

Бага, дунд, ахлах ангийн сурагчид тус тусдаа цуглан Мэдлэг бол миний бие хамгаалагч, Сансрын нисгэгч болцгооё, Намайг санаарай, Томчууд ч гэсэн хүүхдүүд, Хүсэл, айдсаа бичиж өвлийн өвөөгөөс бэлэг авах, Намайг таагаарай, Чи чадах уу, Шатар даамаар наадацгаая, Бяцхан эрдэмтэд, Би номын найз зэрэг 18 өртөөгөөр аялан, мэдлэг, оюунаа тэлж, “шидэт дохиур” цуглуулжээ.


Ид шидийн орон ийнхүү анхны шинэ жилийн баяраа өвөрмөц байдлаар тэмдэглэсэн нь бүх хүүхдэд тэгш оролцох, тэгш баярлах боломж олгож, уугаад хогийн саванд шиддэг ундааны сав, шил, хэрэглээд хаядаг өөхөн тос зэрэг нь хог биш, баялаг болдог гэдгийг ойлгуулснаараа энэ баяр онцлогтой.

Түүнчлэн хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдөл болон бэрхшээл, айдсаа чин сэтгэлээсээ бичин үлдээж, Ид шидийн орны дугуйлангийн сурагчид сурсан зүйлээ тайлагнаж, бүх хүүхэд хүссэнээрээ дуулж, бүжиглэж, Өвлийн өвгөнөөс бэлэг гардан авч хөгжилдлөө.

Ид шидийн орон Дундговь төвийн сургалт 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, 15 төрлийн сургалтад 242 хүүхэд хамрагдан үе тэнгийнхээ найзуудад сурч мэдсэн бүхнээ тайлагнан үр дүнгийн баяраа ийнхүү хамтдаа хийжээ.



Холбоотой мэдээ