ДУНДГОВЬ: Нөөцөд байгаа өвсийг өвөлжилт хүндэрсэн сумдад хөнгөлөлттэй үнээр худалдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-12-23 17:30:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс Улсын онцгой комиссын шуурхай штабтай цахимаар холбогдон өнөөдөр хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.

Тус хурлаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу аймгийн нөөцөд байгаа 11000 боодол өвсийг өвөлжилт хүндэрч буй Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд, Өлзийт, Адаацаг, Сайнцагаан, Гурвансайхан, Дэрэн, Өндөршил суманд 50,0 хувийн хөнгөрүүлсэн үнээр олгохоор шийдвэрлэжээ.

Мөн зудтай тэмцэх ажлын баг байгуулж, ажлын хэсгээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулах болон сумдын өвөлжилтийн одоо болон цаашид үүсэх нөхцөл байдлын үнэлгээний талаар мэдээлэл авахаар болсон.

Цаг агаар хүйтэрч, "Тэвшийн говь" ХХК-ийн уурын зуухнаас халдаг орон сууцны оршин суугчид халаалт тааруу байгаа талаар гомдол гаргаж, Онцгой комиссын гишүүд халаалтын зуухуудын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа юм.

Тиймээс "Тэвшийн говь" ХХК-ийн халаалтын нөхцөл байдлын талаар аймгийн Онцгой комисс энэ удаагийн хурлаар энэхүү асуудлыг хэлэлцэн тус компанийн зуухан дээр буусан нүүрснээс дээж авч, Геологийн төв лаборотарид шинжлүүлэн илчлэгийг тодорхойлуулах, Эрчим хүчний зохицуулах хороонд тухайн компанийн зууханд мэргэжлийн баг томилуулахаар хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн "Тэвшийн говь" ХХК-ийн зүгээс тавьсан гомдлын дагуу шугам сүлжээний усны алдагдалтай холбоотойгоор Сайнцагаан сумын Засаг даргын гаргасан шийдэрийн дагуу усны алдагдлыг бууруулах талаар арга хэмжээ авч, эргэж мэдээлэхийг үүрэг болгосон байна. 

Холбоотой мэдээ