ЗАВХАН: 10 сум хүнсний эрхийн бичиг хэрэглэдэггүй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-12-23 15:46:58

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ️хүрээнд үр дүнтэй ажлуудыг хийж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын ️хүрээнд хэрэгжүүлж буй халамжаас хөдөлмөрт бодлогыг тус аймаг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бодлогын хүрээнд аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилласнаар 10 сум хүнсний эрхийн бичиггүй сум болж, хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрхийн тоо өмнөх оноос 30 хувиар буурсан байна. Иргэд хүнсний талонаар амьдрах биш. Өөрсдийн хөдөлмөрөөр, тэр тусмаа бодлогоор хэрэгжүүлж буй ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтуудад идэвхтэй суралцаж, гэрээр болон жижиг дунд үйлдвэрлэлийг сум орон нутагтаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болсон.

Энэ жил гэхэд аймгийн Хөдөлмөр халамжийн газраас зохион байгуулсан мэргэжлийн чиг баримжаа олгох таван төрлийн сургалтад аймгийн хэмжээнд нийт 130 гаруй иргэн суралцаж төгссөн байна. Эдгээр иргэд үсчин, гоо сайхан, зөөлөн оёдол, талх, нарийн боов хийж сурах сургалтуудад хамрагдаж, өөрсдөө үйлдвэрлэл эрхэлж, иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн байна гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.  

 

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих аймгийн зөвлөл болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хамтран ажилд зуучлах уулзалтыг Улиастайд зохион байгууллаа.

Энэ үеэр хөдөлмөрийн зах зээлийн E-JOB платформыг танилцуулах ажлыг хийжээ. Уулзалтад аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, ажил олгогч буюу аж ахуйн нэгж байгууллагууд, Улиастай сумын хүнсний эрхийн бичигт хамрагдаж байгаа хөдөлмөрийн насны ажилгүй иргэд болон сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг 150 орчим хүн оролцлоо.

Ажилд зуучлах уулзалтыг тогтмол явуулснаар олон талын боломжийг бүрдүүлээд байгаа. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх. Төр, хувийн хэвшлийн байгууллагын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ хүртэгч хөдөлмөрийн насны иргэд болон ажил идэвхтэй хайгч иргэдэд, ажил олгогчоос ирсэн ажлын байрны захиалгыг танилцуулах. 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх гэхчлэн олон боломжийг энэ уулзалт нээж өгдөг юм. Ажилд зуучлах уулзалтыг Улиастайд энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм. Энэ оны сүүлийн уулзалтад аймгийн Засаг дарга оролцлоо.

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал уулзалтыг нээж: “Завхан аймагт хүнсний эрхийн бичиг хэрэглэдэг өрхийн тоо буурч байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нэг тэрбум гаруй төгрөгийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа манай аймагт тогтвортой ажлын байр нэмэгдэхгүй, аж ахуйн нэгжүүд ажиллах хүчний дутагдалтай байна. Ажилгүйдлийн түвшин өмнөх оноос буурахгүй байгаа зэрэг олон асуудал байгаа тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь чухал. Цаашид аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байрыг бий болгодог гол салбар нь аж ахуйн нэгжүүд байдаг тул бодлогоор дэмжин хамтран ажиллана" гэдгээ илэрхийлсэн гэж аймгийн ХХҮГ-аас нэмж дуулгав.  

 

Холбоотой мэдээ