МУГЖ Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетад дүр бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-22 15:10:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуягийн найруулсан "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 25-27-нд тоглоно.

Энэ тухай уран бүтээлчид хэвлэлийн бага хурал хийлээ. МУГЖ Д.Алтанхуяг мэдээлэхдээ, “Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээн, “сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь энэхүү балетын зорилго оршино. Цөмөөхэй балетын Монгол Улсад тоглох болсон шалтгаан гэвэл бэлтгэлийн үйл явц, тохижилт гээд тус балеттай холбоотой бүхэн нийгэмд сайн сайхан, баяр баясал, хайрыг түгээх юм. Энэхүү балетыг анх 2014 онд тавихад хамгийн жижигхэн бүжигчний дүр болох бяцхан хүүхэлдэйн дүрд тоглож байсан долоон настай Б. Анаргэрэл охин жилээс жилд бие, ур чадвар нь өссөөр 2022 онд мэргэжлийн бүжигчний дайтай Испани, Цасан ширхгийн бүжгийг хийж байна. Үүнтэй адил 133 хүүхэд багачууд энэ жилийн тоглолтод оролцоно” гэв.


“Цөмөөхэй балет”-аар 2022 оны 10 дугаар сард үүсгэн байгуулагдсан Монголын анхны өсвөрийн балетын компани “Шинэ балет”-ын залуу бүжигчид гараагаа эхэлж буйгаараа энэ жилийн тоглолт онцлогтой.


Энэ удаагийн тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Т.Есүй, Х.Тэгшжаргал, 3.Анирлан нар Клара охины дүрд тоглож байгаа бол УДБЭТ-ын жүжигчин Г.Батчимэг, Д.Нацагдорж, Б.Баасансүрэн, Ө.Мөнхжин, А.Тэмүүлэн, Б.Халиунаа, Х.Галтулга, Г.Нямцэрэн нар гоцлох юм.


Түүнчлэн МУГЖ Д.Алтанхуяг цөмөөхэйг урлан бүтээгч, нууцлаг авга ах Дроссельмайерт тоглох гэж буйгаа тодотгов.


Түүнчлэн тоглолтын үеэр цөмөөхэйн мухлаг эргэн ирж сониуч бяцхан багачууд, үзэгчдэд албан ёсны худалдаагаа сонирхуулах юм. Жижиг том, олон янзын цөмөөхэй модон тоглоом, дүр дүрийн албан ёсны энгэрийн тэмдэг, богино ханцуйт цамц, мөн ГришкоЧакот брэндийн балетын хувцас хэрэгслийн үзэсгэлэнтэй танилцах боломжтой.


Цөмөөхэйн мухлагийн модон тоглоомын орлогыг “Шинэ балет” Өсвөрийн балетын хамтлагийн анхны бие даасан тоглолтод хандивлах тул үзэгч олны худалдан авалт бүр ирээдүйн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.






Холбоотой мэдээ