Биологийн олон янз байдлыг хадгалж үлдээхэд чиглэсэн асуудлыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2022-12-22 07:40:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Канад Улсын Монреаль хотноо энэ сарын 15-17-нд зохиогдсон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 15 дугаар хуралдаан (КОП 15)-ы өндөр түвшний уулзалтад төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.

Хуралдааны нээлтэд ирүүлсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний илгээлтийн дараа БНХАУ-ын Экологи, байгаль орчны сайд Хуан Рюнчиу хуралдааныг нээж үг хэлэв. Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Ч.Көрөши, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед, Канад Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Гилбо, Канад Улсын Квебек мужийн Ерөнхий сайд Ф.Лего, Биологийн олон янз байдлын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Э.М.Мрема зэрэг өндөр түвшний төлөөлөгчид тус тус үг хэлэв.

КОП 15 хуралдаанын үеэр уг конвенцын оролцогч улсууд 2021 онд БНХАУ-ын Кюнмин хотноо хийсэн хэлэлцээг үргэлжлүүлж, дэлхий дахинд биологийн олон янз байдлын 30 хувийг 2030 он гэхэд хадгалж үлдээх зорилгоор тогтвортой санхүүжилтийн асуудлыг онцлон хэлэлцлээ.

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам “The Nature Conservancy” төрийн бус байгууллагатай хамтран 16-ны өдөр биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар арга хэмжээ зохион байгуулж, Монгол Улсын байгалийн унаган байдал, эко системийг хадгалан хамгаалах талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү Канад Улсын ойжуулалтын “Brinkman Reforestation” компанийн ерөнхийлөгч Дирк Бринкмантай уулзаж, “Тэрбум мод” санаачилгыг хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөө авах, хамтран ажиллах асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ