ГОВЬ-АЛТАЙ: Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд 110 гаруй эцэг эхийн зөвлөл бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-12-21 14:53:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.


Тодруулбал, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ”Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тухайн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох, “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-ийг шалгаруулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилгоор уг зөвлөгөөнийг 12 дугаар сарын 20-нд Алтай хотноо зохион байгууллаа.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолд "Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл" байгуулж ажиллуулах зөвлөмж гарсан билээ. Үүний дагуу Говь-Алтай аймгийн хэмжээнд 2022 онд нийт 110 гаруй эцэг эхийн зөвлөл байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдийн судалгаанд үндэслэн тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллыг дэмжих үйл ажиллагааг үе шаттай төлөвлөн зохион байгуулж ажиллажээ. 


Тэдгээр эцэг эхийн зөвлөлүүд он гарсаар алба хаагчдынхаа хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллыг дэмжин тодорхой ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, байгууллагынхаа дэргэд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан тусгайлсан өрөө булан тохижуулсан, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх сорил шалгалтад хамруулсан, амьдарч буй орчинд нь эрсдэлийн үнэлгээ хийх, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх гэх мэт тодорхой ажлуудыг хийсэн тухай зөвлөгөөний үеэр сайн туршлагаа хуваалцсан юм. Үүний зэрэгцээ зөвлөгөөр "Хүүхдэд ээлтэй Алтай" дэд хөтөлбөрийн хэрэгжилт түүний үр дүн, Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд "Эцэг эхийн зөвлөл" байгуулж ажиллах хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаанд анхаарах асуудал, Хүүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг боловсруулах хэрэгжүүлэх, Эрүүл, зөв дадал хэвшилтэй гэр бүлийг бий болгох нь, Аз жаргалтай гэр бүл гэх мэт сэдвийн хүрээнд зөвлөгөөнийг өрнүүлсэн тухай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас мэдээлэв. 

Зөвлөгөөнийг Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан бол төр, хувийн хэвшлий аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх "эцэг эхийн зөвлөл"-ийн 120 гаруй төлөөлөл оролцлоо.


Холбоотой мэдээ