ХӨВСГӨЛ: "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Рашаант сумын сургуулийн байрыг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-16 16:30:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт  "Өвсний үндэс" хөтөлбөр  1996 оноос хойш 26 жилийн хугацаанд 2,3 сая долларын 29 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд байна.

Энэ удаа Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуульд 274,084 доллар буюу 852,950,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий их засварын ажил хийхээр боллоо.

Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн “Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төсөлтэй хамтран ажиллах хүсэлт гаргасны дагуу Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.



Тус аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд байгуулагдсан ууган сургуулиудын нэг юм. Хичээлийн А, Б хоёр байртай бөгөөд А байр нь 1972 онд, Б байр нь 2019 онд ашиглалтад орсон. Хичээлийн А байрны хувьд удаан хугацааны ашиглалтын улмаас хуучирч муудан дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч, дулаан ихээр алдагддаг, дээврээс гоожсон усны нөлөөгөөр цахилгааны гэмтэл их гардаг зэрэг 702 хүүхэд, багачууд болон 80 гаруй багш, ажилчдын эрүүл аюулгүй сурч, хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй байдалтай байгаа юм.


Рашаант сумын сургуулийн байранд засвар хийснээр тус сумын хүүхэд, багачууд тав тухтай орчинд сурч хүмүүжих боломж бүрдэх юм. 

 

 

Холбоотой мэдээ